Уулзалтаар Боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалт, тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан байна.

Боловсролын салбарт 2020 онд гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх ажил хийхээр төсөвлөсөн байна. Тодруулбал, энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр дөрвөн, Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр, Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр сургуулийг тус тус ашиглалтад оруулах гэнэ.

Салбарын сайд Ё.Баатарбилэг сургууль, цэцэрлэг шинээр барих асуудлууд тодорхой шалтгааны улмаас саатсаныг шүүмжилж, холбогдох хүмүүст ажлаа эрчимжүүлэхийг үүрэгджээ.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд зарим хариуцлагагүй үйлдлээс болж олон газрыг хувийн хэвшлүүд концесс нэрээр авсан байна. Гэвч барилга баригдаагүй гацсан тохиолдлууд байгаа учир ойрын хугацаанд энэ асуудалтай холбогдох шийдвэр гаргана гэж Ё.Баатарбилэг мэдэгдлээ.

Сануулбал, өнгөрсөн онд нийслэлд гурван сургууль, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж сургуулийн хүчин чадлыг 2240-өөр, цэцэрлэгийн хүчин чадлыг 2630-аар нэмэгдүүлжээ.