Засгийн газрын хуралдаанаар ЖДҮ-г дэмжих үндэсний хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавихыг ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаанд даалгалаа.

Хөтөлбөрийг 2019-2022 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх ба хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргахаар болжээ.

Хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрүүд техник, технологийн шинэчлэл хийж, үр ашиг, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжихөд түлхэц үзүүлнэ гэж албаныхан үзжээ.

Мөн жижиг, дунд үйлдвэрийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх 17.3 хувийг 21 хувь, экспортод эзлэх хувийг 5.3 хувьд хүргэж, шинээр 30 мянган ажлын байр бий болгоно гэж  тооцоолсон байна.

Манай улсад 2017 оны байдлаар 155 мянга гаруй бүртгэлтэй ААН байгаагийн 78 мянга гаруй нь үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эдгээрийн 60 мянга гаруй нь жижиг, дунд үйлдвэрийн салбарынх бөгөөд үүнд 900 гаруй мянган хүн ажилладаг гэх судалгаа байна.

Сануулбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг эрх бүхий албан тушаалтнууд хууль зөрчин авсан тогтоогдоод байгаа юм. Улмаар албан тушаалаа урвуулж, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд зээл олгосон есөн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байна.

Мөн Засгийн газраас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг Тариалан эрхлэлтийг дэмжих болон Мал хамгаалах сантай нэгтгэхээр шийдвэрлэсэн юм.