Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ЕБС-ийг гурван ээлжээр хичээллэдэг байдлыг арилгах, хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах зорилт дэвшүүлсэн юм.

Энэ хүрээнд эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс шинээр 42 цэцэрлэг, 66 сургуулийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэдгийг сангийн сайд Ч.Хүрэлбаатар  мэдээллээ.

Салбар яамны мэдээлснээр ирэх есдүгээр сарын нэгэн гэхэд нийслэлийн хэмжээнд 13 сургууль, 29 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар урьдчилсан тооцоог гаргажээ. Иймд шинээр баригдаж буй сургууль цэцэрлэгийн нэр байршлыг тодорхой болгож, хугацаанд нь ашиглалтад оруулах чиглэл өгчээ.

Мөн өнөөдрийг хүртэл барилга угсралтын ажил эхлээгүй газруудын шалтгаан нөхцөлийг нарийвчлан гаргаж, асуудлыг шуурхай шийдвэрлүүлэхээр болжээ.

Ирэх оны үндсэн чиглэлд  10 их наяд 216.3 тэрбум төгрөг тусгасан ба уг санхүүжилтээр дээрх сургууль цэцэрлэг болон шинээр 41 соёлын төв, музей, театр, 15 спорт цогцолбор ашиглалтад оруулж, Музейн барилга, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрыг шинээр байгуулах юм.

Түүнчлэн Үндсэн чиглэлд туссан дээрх санхүүжилтийн 1 их наяд 325.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, хоёр их наяд 111.9 тэрбум төгрөгийг гадаад эх үүсвэрээс, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум төгрөг, үлдсэнийг нь бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөжээ.