Ирэх онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 11 их наяд төгрөг байхаар тооцоолжээ. Мөн нийт зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 13 их наяд төгрөг байх гэнэ. 

Монгол улс ФАТФ олон улсын байгууллагын саарал жагсаалтад орох, түүхий эдийн үнэ буурах, өвөлжилтийн нөхцөл, арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг хуульд нийцүүлж өөрчлөх нь эрсдэлтэй гэж үзжээ. 

Төсөвт дурдсанаар ирэх онд татвар, тусламж, тогтворжуулсан орлого, ирээдүйн өв сангаас 12.9 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсон байна. Харин цалин, тэтгэвэр, тэтгэмж татаас, зээлийн хүүгийн төлбөр, хөрөнгө оруулалт, бараа үйлчилгээний бусад зардал, эргэж төлөгдөх зээл зэрэгт 13.8 их наяд төгрөгийн зарлага гаргах гэнэ. 

Мөн Засгийн газраас 2020 онд алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор дотоод бонд гаргахгүй гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. 

Үүнээс гадна МСҮТ-д суралцагчдад олгож буй 100 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөгт хүргэх юм. Үдийн цай хөтөлбөр, цэцэрлэгийн хүүхдийн хоол, дотуур байрны хоолны зардлыг тус бүр 50 хувиар нэмэгдүүлнэ.

Хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдэд 54 тэрбум төгрөг, агаарын бохирдлыг бууруулахад 137 тэрбум төгрөг, улсын авто замын санд 55 тэрбум, хар тамхитай тэмцэх зорилгоор орон тоо, зардлыг нэмж 1.3 тэрбум төгрөгийг зарцуулна.

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой болно. Эхчүүдэд төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцох юм. Жишээлбэл, дөрвөн хүүхэдтэй ээжийг 33 жил ажилласнаар тооцох гэнэ  

Мөн багш нарын дундаж цалин 1.5 сая төгрөг, 2020 оны олимпын наадамд 20 тэрбум төгрөг, хүүхдийн их наадамд 9.6 тэрбум төгрөг, кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг, УИХ-ын сонгуулийн зардалд 20 тэрбум төгрөг, орон нутгийн сонгуульд 10 тэрбум төгрөгийг тусгасан байна. 

Сануулбал, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд 164.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Мөн 104.7 сая долларын зээл, 48.6 сая долларын буцалтгүй тусламжийг утааны эсрэг зарцуулсан ба нийт 557 тэрбум төгрөгийг утаа бууруулахад зориулжээ. Гэвч дээрх мөнгө үр дүнгээ өгөлгүй салхинд хийссэн гэдгийг Үндэсний аудитын газар нотолсон юм.