NEC компани 2020 оны Токиогийн зуны олимпын үеэр ашиглах царай таних төхөөрөмжийг танилцууллаа. Энэ нь тамирчид болон олимпын үеэр ажиллах сайн дурынхан, хэвлэл мэдээлэл зэрэг 300 мянга гаруй хүний царайг тогтоох чадалтай юм.

Ингэхдээ олимпд оролцогчид болон ажилтнуудын зураг, мэдээллийг ухаалаг картад суурилуулах юм. Уг картыг оролцогчдод тарааж өгөх ба хэрэв өөр хүний картыг биедээ авч явбал тухайн байгууламжид нэвтрэх боломжгүй гэнэ.

Төхөөрөмжийн урд зогсоход тухайн хүний ухаалаг картан дээрх зураг дэлгэцэн дээр тэр даруй гарч ирдэг байна. Энэ нь хамгаалалтын ажилтнаас 2,5 дахин хурдан гэсэн үг юм. Мөн ямар ч хүний биеийн өндөрт таарах бөгөөд хоёр метрээс дээш өндөртэй хүмүүс бага зэрэг тонгойход л хангалттай юм.

Уг төхөөрөмж нь NEC компанийн био хэмжүүрт технологийн нэг болох Неофейс гэх хиймэл оюун ухаантай хөдөлгүүр дээр суурилжээ. Энэхүү хөдөлгүүр нь Америкийн технологи, стандартын үндэсний хүрээлэнгийн чанарын шалгалтаар баталгаажсан дэлхийн шилдэг царай таних технологи аж.

Токиогийн олимп өмнөх олимпын наадмуудтай адил нэг хүрээлэнд зохиогдохгүй юм байна. Үүний оронд оролцогчид болон бусад албаныхан 43 байгууламж дамжин үйл ажиллагаандаа оролцох гэнэ.

Царай таних технологи нь халуун зуны цагт хүлээлт үүсгэлгүй тамирчид, ажилчдыг хурдан бүртгэхээрээ давуу талтай юм. Олимп 2020 оны долдугаар сарын 24-нд эхлэх бөгөөд хэрэв энэ зуных шиг халалт үүсвэл 21-р зууны хамгийн халуун олимп болох гэнэ.  

Эх сурвалж: The Verge, NHK