Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавилаа. Хориг тавьсан тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт илгээсэн байна. 

Тэрээр 2020 оны төсөв нь сонгуулийн явцуу ашиг сонирхолд илт баригдсан, хэтэрхий өндөр зарлагатай, тухайн зарлагадаа тохируулж үндэслэл муутай, бүрдэхээргүй хийсвэр орлогыг ихээр төлөвлөж тооцсон гэж үзжээ. 

Мөн төсвийн алдагдлыг 2.07 их наяд төгрөгт хүргэж энэ оноос нэмэгдүүлсэн нь улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл учруулах дутагдалтай гэсэн байна. Түүнчлэн 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлээс 174.2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг залруулах шаардлагатай гэжээ. 

Харин нийгмийн даатгалын шимтгэл нэмэхийн оронд Капитал банканд өгч алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авахыг зөвлөжээ. 

Өмгөөллийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуулийн тухайд Өмгөөлөгчдийн холбоог давхардмал чиг үүрэгтэйгээр дахин байгуулахыг дэмжих боломжгүй гэсэн юм. Ингэснээр спортын холбоод шиг хоёр хуваагдан маргаж, эрх ашгаараа талцан тэмцэлдэх магадлалтай гэж үзжээ. 

Ерөнхийлөгч 2017 оноос хойших улсын төсөвт хориг тавьж байгаа ч УИХ нэгийг нь ч хүлээж аваагүй байна.