Нийслэлийг дахин хөгжүүлэх, удааширсан төслүүдийг эрчимжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн удирдлагууд Хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа.

Хөгжлийн банкнаас ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг санхүүжүүлэхээр болсон юм.

Ингэснээр барилгын компаниуд хөнгөлөлттэй нөхцөлөөр тус банкнаас зээл авч дахин төлөвлөлтийн ажилд оролцох боломжтой болжээ.

Мөн Хөгжлийн банктай хамтран нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр болсон ба эхний ээлжид ирэх дөрвөн сард багтаан 50 цахилгаан автобусыг Улаанбаатарт оруулж ирэхээр төлөвлөжээ.

Хөгжлийн банкнаас гэр хорооллыг дахин төлөвлөх чиглэлээр гурван төсөл хэрэгжиж байгаа гэнэ. Энэхүү төслүүд 2021 онд хэрэгжиж дуусах ба үүний дүнд нийт 1000 гаруй айл орон сууцтай болох юм. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 89.968 айлын 961 орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн ба ингэснээр гэр хорооллын 41.5 хувь нь орон сууцанд орох боломжтой гэнэ.

Энэ хүрээнд НИТХ-ын таван удаагийн тогтоолоор гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг иргэний өмчлөлийн 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталжээ. Энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувийг эзэлж байна.

Сануулбал, Улаанбаатарт гэр хорооллын 220 мянган өрх байгаа юм.