Оросын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн чуулга, уулзалтад оролцож буй ерөнхийлөгч Х.Баттулга Оросын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаний нэг Фэско группийн ерөнхийлөгч Александр Исуринтай уулзлаа.

Энэ үеэр Александр Исурин Эрдэнэс-Тавантолгой ХК-тай хамтран хэрэгжүүлэх тээврийн терминал байгуулах төслийн ТЭЗҮ бэлэн болсон гэж мэдэгдлээ. 

ТЭЗҮ-д төслийн эхний шат 2022 он хүртэл хэрэгжиж, жилд дунджаар зургаан сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой терминал байгуулахаар тусгажээ. Ингэснээр 2024 он гэхэд нүүрсний тээврийг жилд 10 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн байна. Ийнхүү ТЭЗҮ-ийн анхны хувилбарыг ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгснөөр төсөл эхэллээ. 

Өнгөрсөн оны 10-р сарын байдлаар манай улсын нийт экспортын 41 хувийг нүүрсний экспорт дангаараа бүрдүүлсэн байна. Тодруулбал, нийт 2.4 тэрбум долларын 31.3 сая тонн нүүрсийг экспортолсон бөгөөд энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан юм.

Нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт-Ганцмодны боомтоор гаргадаг ба 2020 он гэхэд тус боомтоор Монголоос 30 сая тонн нүүрс нийлүүлэх боломжтой гэх тооцоо гарчээ.