Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаалаа. Ингэхдээ Улаанбаатараас Дарханы чиглэлд нийт 15 цэгт хэсэгчлэн хаах юм.

Зам хаасан учир тус чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд түр замаар зорчино. Тухайлбал, авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаах тул Баруун зүгт зорчих иргэд 5-н шар Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлнэ. 

Түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрэх юм. Мөн Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.

Иймд дээрх чиглэлүүдэд зорчихдоо батлагдсан замналын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. 

Дарханы замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа ба энэ ондоо багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.