Хотын даргын орлогч П.Баярхүү ажлын хэсгийн хамт энэ сарын 30, 31-нд нийслэлд хийгдэж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Үүний хүрээнд СБД-ийн 15-р хороонд байрлах ахмадын сувиллыг өргөжүүлж, өвлийн барилга барих ажилтай танилцсан байна.  Гэвч барилгын ажил зогсонги байдалтай байсан тул гүйцэтгэгч компанид шаардлага хүргүүлж, барилгын явцыг түргэвчлэхийг даалгажээ.

Мөн тус дүүргийн 18, 19-р хороонд шинээр баригдаж буй 280 ортой цэцэрлэгийн газар чөлөөлөлтийн ажилтай танилцаж, энэ жил барилгын ажлыг эхлүүлэхээр болсон байна.

Харин Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх шаардлагатай байгааг сануулжээ.

Энэхүү төсөл нь гурван үе шаттайгаар есөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд, эхний шатны хүрээнд нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг бий болгож буй Баянхошуу, Сэлбэ орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх юм.

Сэлбэ дэд төвийн дулааны станц ашиглалтад орсноор цэцэрлэг, албан байгууллага болон 3700 орчим өрх дулааны шугам сүлжээнд холбогдох юм. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, 3700 өрх, 10 гаруй ААН-ын яндан үгүй болно гэж албаныхан үзэж байна.