Хичээлийн шинэ жил эхлэхэд 10 гаруй хоног үлдээд байна. Үүнтэй холбоотойгоор хотын даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах ажлын хэсэг хуралдлаа. 

Энэ жил сургуулиудын гурван ээлжээр хичээллэх байдлыг халах зорилт тавьсан ба энэ хүрээнд шинээр сургууль барих, өргөтгөл хийх, анги танхим түрээсээр ашиглах зэрэг арга хэмжээ авч байна.

Гэвч гурван ээлжээр хичээллэж болзошгүй 18 сургууль байгааг Нийслэлийн боловсролын газраас мэдэгдлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Түүнчлэн энэ онд нийслэлийн нийт 83 сургууль, цэцэрлэгт 5.3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийгдэж байгаа юм.

Түүнчлэн энэ хичээлийн жилд 23 сурах бичгийг шинээр хэвлэж байгаа ба есдүгээр сарын 15-нд сурагчдын гар дээр очихоор төлөвлөгджээ. Мөн салбар яамны мэдээлснээр энэ жил ахлах ангийн сурагчдыг түрээсийн сурах бичгээр хангахаар болсныг мэдэгдсэн юм.

Сонирхуулахад, сурагчийн дүрэмт хувцасны дундаж үнийн хувьд бага анги 60-70 мянга, дунд анги 90-100 мянга, ахлах ангийн сурагчдынх 120-130 мянган төгрөг байна. Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулж 33 байршилд сурагчийн дүрэмт хувцас, бичиг хэргийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгааг албаныхан мэдээллээ. 

Албаныхны зүгээс энэ сарын 16-наас ирэх сарын гурванд боловсролын байгууллагын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, багшийн хүрэлцээ, хүүхдийн тоо хамрагдалт, анги дүүргэлт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцөл боломж бүрдсэн эсэх шалгалтыг эхний ээлжид хийх гэнэ.

Дараа нь энэ сарын 26-аас ирэх сарын 16-нд сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлт болон Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байдалд хяналт шалгалт хийхээр болсон байна.