Засгийн газрын ээлжит хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтад үндэслэн арга хэмжээ авах тогтоолын төслийг баталлаа. Ийнхүү долоон санг татан буулгаж, гурван санг нэгтгэж, гурван сангийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж үзлээ.

Тодруулбал, Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, ЖДҮ-г хөгжүүлэх санг нэгтгэн,  Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулахаар боллоо.

Харин Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан зэргийг татан буулгалаа.

Ингэснээр нийт 15 сан буюу Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Нийгмийн даатгалын сан, Төсвийн тогтворжуулалтын сангууд үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар болж байна.

Тусгай сангуудад хийсэн шалгалтаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 140 орчим тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн ба 47 тэрбум төгрөг нь тендертэй холбоотой байсан гэж сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Мөн тэрбум төгрөгөөр элеватор авсан ч чанарын шаардлага хангаагүй учир хэрэглэхгүй жил болсон байна.