Хятад, Монгол, Оросын Иргэний нисэхийн Агаарын навигацийн байгууллагууд хамтран Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх анхдугаар уулзалтыг Хятадын Бээжин хотод зохион байгууллаа.

Уулзалтаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стратеги төлөвлөгөө, нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх талаарх бодлогыг хэлэлцэж, цаашид хамтран ажиллахаар болжээ.

Мөн Хятадын Иргэний нисэхийн их сургуулийн эрдэмтэн профессорууд Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн талаарх судалгаагаа танилцуулсан байна.

Сүүлийн үед Европ тивээс Зүүн өмнөд Азийг холбосон нислэгүүд нэмэгдэж байгаа ба  эдгээр Нислэгийн хөдөлгөөний урсгалын ихэнх нь дээрх гурван улсаар дамжин өнгөрч байгаа юм.

Тиймээс нислэгийг аюулгүй, үр ашигтай нэвтрэн өнгөрүүлэхэд Нислэгийн хөдөлгөөний урсгалын менежментийг хамтран хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан байна.

Ийнхүү Монгол, Хятад, Орос Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн хамтын ажиллагааны асуудлаар санамж бичигт гарын үсэг зурахаар болжээ.

Сонирхуулбал, энэ сарын эхний долоо хоногийн байдлаар манай улсын орон нутгийн нислэг 2.8 хувиар өссөн бөгөөд энэ нь орон нутгийн оршин суугчид агаарын тээврээр үйлчлүүлэх сонирхол их байгаатай холбоотой гэнэ. Мөн өтгөрөлтийн нислэг өнгөрсөн оны мөн үеэс 13.3 хувиар өссөн юм.