Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, ТЕГ, Цагдаагийн байгууллага хамтран мэдээллийн дагуу шалгалт хийж, байгалийн ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүүгийн  их хэмжээний үндэс дэлгэж хатааж байсныг илрүүлсэн байна. 

Тодруулбал, Хэрлэн сумын нэгдүгээр багийн нөөцийн газрын урд задгайд байрлах иргэний хашаанд хатааж байсан ба одоогоор эзэн харьяалагчийг тодруулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Түүж бэлтгэсэн ургамлын хэмжээ 1259.5 кг цэвэр жинтэй байсан бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээ нь урьдчилсан байдлаар 314.9 сая төгрөг болсон байна.

Дэрэвгэр жиргэрүү нь манай улсын ховор ургамлын жагсаалтад багтсан бөгөөд устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалахаар хил давуулахыг хориглосон шийдвэрийг гаргасан юм. Тодруулбал, дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс 2022 оны нэгдүгээр сарын нэгэн хүртэл хориглосон байна.

Мөн Эрүүгийн тухай хуульд зааснаар бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл зорчих эрхийг хязгаарлах, хорих шийтгэл оногдуулна гэсэн байна. 

Дэрэвгэр жиргэрүү нь газрын хөрсний чийгийг барьдаг бөгөөд үндсээр нь түүсэн тохиолдолд дахин төлждөггүй юм. Иймээс тухайн орчмын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг гэнэ. Гэвч үндэс нь дорнын уламжлалт эмчилгээний эмийн гол түүхий эд болдог учир Хятад, Солонгос руу ихээр нийлүүлэгддэг байна.