Он гарсаар 187 хүн аюулт үзэгдэл, ослоор нас барсны 16 нь өнгөрсөн сард тохиолдсон байна. ОБЕГ-ын мэдээлснээр ус, гал түймэр, уурхайн осол давамгайлж байгаа ба усны ослоор 80, гал түймрийн улмаас 51, уул уурхайн ослоор 14 хүн амиа алджээ. 

Гэвч нас барсан тохиолдлын дийлэнх буюу 130 гаруй тохиолдол нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалсан байгаа юм. Тухайлбал, гал түймрийн 78 хувь нь иргэдийн буруутай үйлдлээс болсон байна. 

Мөн усанд осолдсон иргэдийн 90 хувь нь архидан согтуурсан, хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулсан байгаа юм. Хэдийгээр ОБЕГ-аас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хангалттай түгээж, зуны улиралд Туул гол дагуу Завьт эргүүл ажиллуулсан боловч амиа алдсан иргэдийн тоо төдийлөн буураагүй байна.

Харин өнгөрсөн сард амь насаа алдсан иргэдийн найм нь шахмал түлшний угаарын хийнд хордож нас баржээ. Хэдийгээр 187 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурсан үзүүлэлт боловч гуравхан сая хүн амтай манай улсад их байгаа юм. 

Магадгүй сонор сэрэмжээ сайжруулж, ОБЕГ-ын сэрэмжлүүлгийг анхаарсан бол 130 гаруй хүн хорвоогийн мөн бусыг үзэхгүй байх байв.