100 айлын авто замыг шинэчлэн засварлахтай холбоотойгоор өнөөдрөөс 32-ын уулзвар хүртэлх замыг гурван хэсэгт хуваан хаалаа. Тодруулбал, эхний ээлжид долдугаар 15 хүртэл 32-ын уулзвараас Хангай хотхоны уулзвар хүртэл хаах бол 14-28  хүртэл Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх замыг хаана. 

Харин долдугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хааж зам засварын ажлыг хийж дуусгах юм.  

Зам засварын ажлыг 3.5 тэрбум төгрөгийн өртгөөр гүйцэтгэх ба замын шинэчлэл 1.6 км үргэлжилнэ. Шинээр барих замыг долоон см зузаантай аспалтаар хийх бөгөөд 12 метрийн өргөн автомашины зам, 2.25 метр өргөн явган хүний замтай байна. 

Мөн дугуйн зам, гэрэлтүүлэг болон ногоон байгууламж бүхий стандартын шаардлага хангасан байна гэж Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Түүнчлэн 100 айл орчмын гадна талбайд үйл ажиллагаа явуулж буй худалдаа эрхлэгчдийг Налайх дахь үйлдвэр технологийн парк руу нүүлгэж эхэлсэн байна. 

Албаныхны мэдээлснээр 100 айлын барилгын захуудыг 2018-2020 он хүртэлх хугацаанд гурван үе шаттайгаар нүүлгэх юм.