Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

Дэлхий

    320 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ХУРААСАН ЖОН РОКФЕЛЛЕРИЙН ТҮҮХ

    2017-07-04 11:37

    Б.Түшиг

    Дэлхийн одоогийн толгой баян Билл Гейтс 75 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдэг. Тэгвэл хүн төрөлхтний түүхэн дэх анхны долларын тэрбумтан Жон Рокфеллерийн хураасан хөрөнгийг өнөөгийн ханшинд хөрвүүлбэл даруй 320 тэрбум ам.долларт хүрэх ажээ. Тэрээр ийм их хур хөрөнгийг хэрхэн цуглуулж чадсан нь сонин.

    АНУ-ын Нью-Йорк мужийн Ричфорд гэх жижиг хотод 1839 оны долдугаар сарын 8-нд төрсөн Жон Рокфеллер 1870 онд 31 насандаа “Standard Oil” компанийг үүсгэн байгуулаад 1897 онд албан ёсоор тэтгэвэртээ гарах хүртлээ удирджээ. Ирээдүйн зах зээлийн төлөв байдлыг урьдчилан харж мэдрэхдээ гаргууд түүний “Standard Oil” компани керосин, бензиний худалдаагаар дагнах болсон аж. Төдөлгүй эрэлт хэрэгцээгээ даган керосин, бензиний үнэ огцом өссөнөөр түүний эд хөрөнгө ч нүд ирмэхийн зуур үржин арвижих болжээ. 1937 онд насан эцэслэхэд нь түүний хөрөнгө 1.4 тэрбум ам.доллар буюу тухайн үеийн АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 1.54 хувьтай тэнцсэн гэдэг.

    Ж.Рокфеллер зургаан хүүхэдтэй протестант шашинтан Вильям Рокфеллерийн гэр бүлд хоёрдахь хүү нь болон төржээ. Түүний эцэг Вильям Рокфеллер  модчин байж байгаад явуулын худалдаачин болж, өөрийгөө “Ботаникийн доктор” хэмээн янз бүрийн эм зарж гэртээ тун ховор үзэгддэг байсан аж. Вильям Рокфеллер эрсдэлтэй алхам хийх чадварынхаа ачаар чамлахааргүй хөрөнгө хуримтлуулж, 3100 ам.доллараар хувьдаа газар хүртэл худалдан авчээ. Хэдий эрсдэл хийдэг ч тэрээр нэлээд болгоомжтой, ухаалаг хүн байсан тул ганц бус хэд хэдэн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийдэг байсан аж. Тэрээр хүү Жондоо хар багаас нь өөрийн оролцож буй бизнесийнхээ тухай ярин ажил хэрэг явуулах үндсийг заан сургамжилдаг байжээ. Жон Рокфеллер хожим аавынхаа тухай дурсахдаа, “Тэр надтай байсхийгээд л наймаа хийж надаар янз бүрийн үйлчилгээ хийлгүүлэн мөнгө төлдөг байлаа. Тэр намайг худалдах, худалдан авах эрдэмд сургасан юм. Миний тархинд баяжих ухаан суулгасан хүн бол миний эцэг” гэсэн нь бий.

    Жон Рокфеллер долоон насандаа цацагт хяруул тэжээн худалдахын сацуу хөршүүддээ хөлсөөр төмс суулгаж эхэлсэн бөгөөд бүх арилжаа, наймаагаа бяцхан дэвтэрт тэмдэглэдэг байсан аж. Тэрээр эхний цалингааараа нэлээд зузаан ня-богийн бүртгэлийн дэвтэр худалдан авсан гэдэг. Тэр дэвтэртээ бүх орлого, зарлагаа тэмдэглэх болсон ба өчүүхэн төдий зүйлийг ч орхилгүй тусгадаг байжээ. Тэрээр энэ дэвтэртээ маш хүндэтгэлтэй хандаж, насан өөд болтлоо хадгалжээ.

    Бяцхан Жон хуримтлуулсан бүх мөнгөө шаазан саванд хадгалдаг байсан бөгөөд 13-хан насандаа таньдаг фермертээ 50 долларыг жилийн 7.5 хувийн хүүтэй зээлдүүлжээ. Эцэг нь түүнд бизнес сэтгэлгээг төлөвшүүлсэн бол эх нь сахилга бат, хөдөлмөрч зан чанарт сургажээ. Өнөр өтгөн гэр бүлтэй Вильям Рокфеллерийн бизнес ямагт ашигтай байдаггүй тул ээж нь юм бүхэн дээр мөнгө хэмнэдэг байжээ.

    Жон арвангуравтайдаа Ричфордын дунд сургуульд элсэн орсон бөгөөд төгсөнгүүтээ нягтлан бодох бүртгэл, худалдааны үндсийг заадаг Кливлендийн коллежид элсэн оржээ. Гэвч коллежид дэмий цаг алдана гэж үзээд төдөлгүй коллежээс гарсан байна. Жон Рокфеллер 16 настайдаа үл хөдлөх хөрөнгийн худалдаа болон далайн тээвэрлэлт эрхэлдэг “Hewitt & Tuttle” гэдэг жижиг компанид нягтлан бодогчийн туслахаар ажилд ороод төд удалгүй албан тушаал ахин ерөнхий нягтлан бодогч болжээ. Тус компанийн захирал албан тушаалаа орхиход оронд нь Жон Рокфеллерийг томилсон байна. Гэвч насанд хүрээгүй түүнд өмнөх захирлаас гурав дахин бага цалин өгч байсан тул тэр тус компаниас гарчээ. Үүнээс хойш тэрээр дахин хөлсний ажил хийгээгүй юм.

    Яг тэр үед Английн бизнесмен Ж.Кларк хамтын бизнес эрхлэх 2000 доллартай түнш хайж байжээ. Ж.Рокфеллерийн бүх хуримтлал 800 доллар байсан тул тэр эцгээсээ жилийн 10 хувийн хүүтэйгээр үлдсэн мөнгийг зээлсэн аж. Хамтарсан бизнес нь ч хурдан өргөжиж, компани нь АНУ-д дэгдсэн иргэний дайны үеэр армид улаан буудай, гурил, мах зэргийг их хэмжээгээр нийлүүлэх болжээ.

    Ж.Рокфеллер 1864 онд дунд сургуулийн багш Лора Спелмантай гэрлэв. Тэр бүсгүй маш шашинлаг хэдий ч саруул сэргэлэн ухаантай байсан бөгөөд Ж.Рокфеллер эхнэрийнхээ тухай, “Түүний зөвлөгөөгүйгээр би хэзээ ч ингэтлээ баяжихгүй байсан юм” гэж хожим дурссан аж.

    1850-иад оны сүүлээс АНУ-д керосин дэнлүү ихэд дэлгэрч керосин үйлдвэрлэх түүхий эд болох газрын тосны эрэлт хэрэгцээ эрс нэмэгджээ. Ж.Рокфеллерийн анхаарлыг Э.Дрейкийн 1859 онд илрүүлсэн газрын тосны орд газрын тухай мэдээлэл ихэд татжээ. Тэрээр химич С.Эндрюстэй хамтран Кливлендэд “Флатс” нэртэй нефть боловсруулах үйлдвэр байгуулсан байна. Тус үйлдвэр нефть болон бэлэн бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэх болжээ.

    Ж.Рокфеллер 1870 онд “Standard Oil” компаниа үүсгэн байгуулаад бусад нефть боловсруулах жижиг компаниудыг худалдан авч өөртөө нэгтгэж эхлэв. Ж.Рокфеллер төмөр замын компаниудтай тээвэрлэлтийн тарифын талаар маш сайн гэрээ хийснээр “Standard Oil” компани нэг торх нефтийг 10 центээр тээвэрлэдэг байсан бол өрсөлдөгчид нь 35 центээр зөөвөрлөдөг байжээ. 25 центийн зөрүү нь түүний өрсөлдөгч компаниудад эсвэл “Standard Oil”-д нэгдэх, эсвэл дампуурахаас өөр сонголт үлдээгээгүй аж. Ихэнх өрсөлдөгчид нь түүний компанид нэгдэх хувилбарыг сонгосон нь мэдээж.

    1880 он гэхэд Ж.Рокфеллерийн гарт АНУ-ын нефть олборлолтын 95 хувь нь төвлөрчээ. Зах зээлд монополь болсон “Standard Oil” компани бүтээгдэхүүний үнээ нэмэн дэлхийн хамгийн том компани болон хувирчээ. Үүнээс 10 жилийн дараа монополийн эсрэг Шерманы хууль гарахад Ж.Рокфеллер компаниа 34 жижиг компани болгон задласан ч бүгдэд нь хувьцааны хяналтын багцыг эзэмшин хөрөнгийн хэмжээгээ бүр ч нэмэгдүүлж чадсан байна. АНУ-ын одоогийн “ExxonMobil”, “Chevron” зэрэг бүх л томоохон компани “Standard Oil”-оос үүссэн аж.

    Ж.Рокфеллер “Standard Oil”-оос гадна арван зургаан төмөр зам, зургаан гангийн үйлдвэр, үл хөдлөх хөрөнгийн есөн компани, зургаан далайн тээврийн компани, есөн банкны эзэн байжээ. Түүний нэр баялгийн бэлгэдэл болсон ч тэрээр бусад хур баячуудын адил баялгаа гайхуулдаггүй нэгэн байсан гэдэг.

    Тэрээр 1897 оноос хойш буяны үйлсэд илүүтэй анхаарах болсон бөгөөд Чикагогийн их сургууль, Рокфеллерийн нэрэмжит анагаах ухааны их сургууль, Бүх нийтийн боловсролын төв, Рокфеллерийн сан зэргийг үүсгэн байгуулжээ. Тэрээр буяны үйлсэд тэрбум гаруй ам.доллар зарцуулсан ч цорын ганц хүү нь 460 сая ам.долларыг өвлөн авсан байдаг.

    Эрүүл амьдралын хэв маягийг баримтлан архи, тамхи огт хэрэглэдэггүй байсан Ж.Рокфеллер 100 наслахыг хүсч байсан бөгөөд 1937 оны тавдугаар сарын 23-нд 97 насандаа өөд болжээ.

    Эх сурвалж: aguulga.mn

    Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.

    Share This