Дэлхийн хөрсний өдрийг жил бүрийн 12 сард тэмдэглэдэгтэй холбоотойгоор Монгол орны хөрс судлал-2019 эрдэм шинжилгээний хурал боллоо. 

Дэлхийн нийт тариалангийн талбайн 40 хувь нь элэгдэл, эвдрэлд өртсөн байна. Манай улсын хувьд 2010 оны судалгаанд 1579.3 мян.га талбай хамрагдсанаас 100 хувь  элэгдсэн ба үүний 60.6 хувь нь хүчтэй элэгдсэн гэх дүгнэлт гарчээ. 

Харин нийслэл хотын хөрсний 88 хувь нь их хэмжээний нянгийн бохирдолтой байгаа юм. Энэ нь хог хаягдал, нүхэн жорлонтой холбоотой ба улсын хэмжээнд нийт 396 хог хаягдлын төвлөрсөн цэг байна. 

Үүний зургаан цэг нь Улаанбаатарт байгаа бөгөөд эдгээр хогийн цэгт зөвхөн 2017 онд 1.1 сая тн хог хаяжээ. Гэвч хог хаягдлын хэмжээ жил тутам 500 мянган тонноор нэмэгдэж байгаа ба энэ нь нийт 125 мянган га талбайг эзэлж байна. Иймд хогийн менежментийг сайжруулж, нүхэн жорлонг хориглох шаардлагатай байгаа юм.