ЮНЕСКО-оос энэ өдрийг сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн эсрэг өдөр болгон 2013 онд зарлаж, сэтгүүлчид аюулгүй амар тайван орчинд ажиллах эрхийг хангах үүднээс НҮБ-ийн гишүүн орнууд олон улсын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргажээ.

Олон улсын сэтгүүлчдийн аюулгүй байдлын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар 2016-2017 онд 1010 сэтгүүлч тайван цагт ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна. Мөн сэтгүүлчдийн эсрэг хийгдсэн 10 гэмт хэрэг тутмын нэг нь илэрч ес нь илэрдэггүй байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан Глобал интернейшл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Хуульчдын холбооноос хамтран хийж буй сэтгүүлчдийн аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох судалгааны урьдчилсан дүнг танилцууллаа.

Энэхүү судалгааг ЮНЕСКО-гоос сэтгүүлчдийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт болон  хүний аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийн дагуу үндэсний хэмжээнд явуулж, 300 сэтгүүлчийг хамруулах бөгөөд одоогоор 30 хувьтай явж байгаа гэнэ.

Судалгааны зарим дүн мэдээг танилцуулахад:

  • Сэтгүүлчийн аюулгүй байдал хангалттай сайн биш, ямарваа нэгэн байдлаар заналхийлэл, дарамт шахалтад өртдөг байна. Тухайлбал, дөрвөн сэтгүүл тутмын нэг нь нийтлэл нэвтрүүлгээсээ болж заналхийлэлд өртдөг гэсэн хариулт өгчээ.
  • Гэр бүлийн гишүүдийг нь айлгаж, дарамталдаг гэсэн үзүүлэлт таван удаа бүртгэгдсэн байна.
  • Сэтгүүлчдийн Цахим аюулгүй байдал сул. Аюулгүй байдлыг хангах үүднээс ямар нэгэн программ хангамж хэрэглэдэггүй.
  • Эрсдэлтэй үүрэг даалгавар, томилолт авахаас татгалзах эрх сэтгүүлчид бий ч хэвлэл мэдээллийн байгууллагаас сэтгүүлчийг зохих ёсны даатгалд хамруулах нь сул байгаа зэрэг мэдээллүүд гарчээ.

Мөн 2017-2018 хооронд сэтгүүлчтэй холбоотой 187 зөрчил бүртгэгдсэний 61 хувь нь шүүх цагдаа хүчний байгууллагаас сэтгүүлчдэд ямар нэгэн дарамт үзүүлсэн гэх дүн гарчээ.

Энэ нь одоогийн хэрэгжиж буй Зөрчлийн тухай хуультай нягт холбоотой байгааг судлаачид хэлж байгаа бөгөөд хэрэгжиж эхэлснээсээ хойш 49 сэтгүүлчтэй холбоотой хэрэгт 98 сая төгрөгийн торгууль ногдуулсан баримт байна.

Өмнө сэтгүүлчийн нэр төр гутаах, гүтгэх зүйл гэх мэт зүйл заалтыг Эрүүгийн хуулиас Зөрчлийн хууль руу шилжүүлсэн ч хэрэгжихдээ хатуу байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Харин хууль санаачлагчид үүнийг дахин Эрүүгийн хууль руу оруулах шийдвэр гаргаж байгаа нь ухралт болж байгааг ч энэ үеэр судлаачид хэллээ.

Манай улсад сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжөөд 105 жилийг ардаа орхиж буй ч энэ чиглэлийн эрх зүйн салбар сул, өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн ерөнхий хуульгүй, энэ талын судлаач мэргэжилтэн тааруу байгаа нь гадны байгууллагын судалгаанаас ч харагддаг юм.

Тухайлбал, манай улс хэвлэлийн эрх чөлөөний хувьд мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд багтаж иржээ. Ялангуяа хэвлэлийн эрх чөлөөний индекс тодорхойлдог олон улсмын байгууллагаас гаргасан судалгаагаар манайх 2002 онд хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтжээ.