ЗТХЯ-ны сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлын зөвлөх компани, төслийн удирдагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч байгууллагын төлөөлөлтэй өргөтгөсөн хурал хийлээ.

Хурлын эхэнд ажил нь удаашралтай байгаа 2, 4-р багцын гүйцэтгэгчдэд тав хоногийн хугацаанд ажлаа эрчимжүүлж, ахиц гаргахгүй бол тендерийн гэрээг цуцална гэж мэдэгдлээ. Мөн 2, 4-р багцын гүйцэтгэгч Чайна эстэйт констракшн ХХК-д торгууль ногдуулна гэсэн юм. 

Улаанбаатар-Дарханы замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 11-р сард багтан нээнэ гэдгээ гүйцэтгэгч компаний зүгээс мэдэгдсэн байна. 

Тус чиглэлийн замын 1, 3, 5-р багцын гүйцэтгэгч компаниуд хоёр ээлж гарган, 24 цагаар ажиллаж байгаа ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан графикт хугацаанаас 18 хоногийн хоцрогдолтой байгаа гэнэ. Иймд салбарын сайд үерт эвдэрсэн түр замыг яаралтай засаж дуусах, графикт хугацаандаа ашиглалтад оруулахыг онцгойлон сануулжээ.

Улаанбаатар-Дарханы замыг Азийн хөгжлийн банкны 60 сая долларын хөнгөлөлттэй зээлээр дөрвөн эгнээтэй болгож байгаа юм. Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр таван компани ажиллаж байна. Тус чиглэлийн замаар оргил үед өдөрт 12.300 машин зорчдог ба 2017 онд улсын хэмжээнд ослын тоогоор гуравт эрэмбэлэгджээ.

Улаанбаатар-Дарханы замын ажлын явц энэ сарын 25-ны байдлаар

  • Багц 1-Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажил 27.87 хувьтай, ажлын талбайд 244 ажилтан, 107 машин, техник ажиллаж байна.
  • Багц 2-Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын барилгын ажил 18.92 хувьтай, ажлын талбайд нийт 154 ажилтан, 57 машин, техник ажиллаж байна.
  • Багц 3-Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын барилгын ажил 32.31 хувьтай, ажлын талбайд нийт 222 ажилтан, 118 машин, техник ажиллаж байна.
  • Багц 4-Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын барилгын ажил 16.72 хувьтай, ажлын талбайд нийт 56 ажилтан, 47 машин, техник ажиллаж байна. 
  • Багц 5-Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын барилгын ажил 30.58 хувьтай, ажлын талбайд нийт 108 ажилтан, 74 машин, техник ажиллаж байна.