Карьер Экспо-2019 хөдөлмөрийн үзэсгэлэн Худалдаа аж үйлдвэрийн их танхимд энэ сарын есөнд 12:00-16:00 цагт болно. Уг үзэсгэлэнд үндэсний томоохон хэмжээний 50 орчим ААН, байгууллагын 500 гаруй нээлттэй ажлын байр зарлагдах бөгөөд 15-34 насны ажил хайж буй залуус хамрагдах боломжтой.

Мөн Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй 3000 орчим ажлын байр зарлагдана.

Түүнчлэн Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд дөрвөн сарын хугацаатай ур чадвар эзэмшүүлэх найман мэргэжлээр иргэдийг бүртгэх юм.

Энэ жилийн үзэсгэлэнг Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе уриатай зохион байгуулж байгаа ба гадаадад сургууль төгссөн залуусыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой байна.

Өнгөрсөн жилийн хөдөлмөрийн үзэсгэлэнд гадаадад сургууль төгссөн 510 орчим залуус оролцож, 70 нь шууд ажилд оржээ.