ЦЕГ-аас ХЗДХЯ-тай хамтран Байгалиа хамгаалъя арга хэмжээг энэ сарын 15-аас тавдугаар сарын 15 хүртэл зохиож байна. Энэ хүрээнд байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах, сэргийлэх, хууль бусаар ан агнах, ургамал түүх, худалдан борлуулах зэргийг таслах, мэдээлэл сурталчилгааны ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Он гарсаар нэгдүгээр улирлын байдлаар дээрх төрлийн 140 гаруй  хэрэг шалгагдсанаас 71 хэрэгт эрүү үүсгэн яллагдагчаар татаж, 76 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ. Энэ хэргийн улмаас 509.6 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Мөн дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нэн ховор ан амьтан агнах, хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн гаралт ихэсдэг учир энэ чиглэлд хяналт шалгалт хийхээр төлөвлөжээ.

Зураг: Өдрийн Тойм

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-аас 74.8 кг мөнгөн ус зарах гэж байсан гурван этгээдийг баривчилжээ. Тэдний мэдээлснээр уг мөнгөн ус нь 52 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Засгийн газраас мөнгөн усыг 2007 онд Монголд ашиглахыг хориглон, химийн хорт нэгдэл бүхий бодисын жагсаалтад оруулж, улмаар 2008 онд БОАЖЯ-ны сайдын тушаалаар ашигт малтмал олборлолтод ашиглахыг бүрэн хоригложээ.

Гэвч Эрүүл мэндийн байгууллагын 2014 оны судалгаагаар гар аргаар алт олборлогчдын цусан дахь мөнгөн усны хэмжээ 14.3 хувь, шээсэнд дэх хэмжээ 24.5 хувь байжээ. Энэ мэтээр мөнгөн усны хэрэглээ буурахгүй байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Иймд ЦЕГ-аас энэ сард Бодис-2019 арга хэмжээг зохиохоор болсон байна.

Сануулахад, өнгөрсөн онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг нийт хэргийн 1.4 хувийг эзэлжээ. Энэ нь хувь хэмжээгээрээ бага мэт боловч байгаль орчин, ан амьтанд учруулж буй хохирол нь асар их гэдгийг албаныхан хэллээ.