Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж үер ус, түүнийг дагасан хохирлууд нэмэгдсээр байна. Тухайлбал, үерийн улмаас авто замуудад 1.3 тэрбумын хохирол учирсан урьдчилсан тооцоо гараад байгаа юм. Цаашид хохирлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан хэлсэн.

Тэгвэл ганцхан зуны борооны ая даахгүй тал бүрээсээ эвдэрч хэмхрэн, явах боломжгүй болж байгаа авто замуудыг чанаргүй хийсэнтэй холбоотой гэх иргэд олон байна.

Жил бүр зам засварын ажилд 54 тэрбум шаардлагатай байдаг талаар албаныхан хэлж байна. Замаа чанартай тавиагүйн улмаас жилийн жилд төсвөөс мөнгө сааж зам засвар хийдэг, эргээд жилийн ч нүүр үзэлгүй сүйдэж, ганцхан зуны борооны ая даахгүй илчлэгддэг тогтолцоог иргэд шүүмжлэх нь мэдээж хэрэг.

Чанаргүй тавьсан зам эвдрэл сүйдэл нь эргээд зам тээврийн ослын хамгийн том шалтгаан болж, олон хүнийг амь нас, эд хөрөнгөөр хохироож буй. Ганцхан жишээ дурдахад Дархан, Эрдэнэтийн замд осол гарах нь бараг л хэвийн үзэгдэл болчихсон гэхэд хэлстэхгүй.  Өнгөрсөн онд гэхэд Эрдэнэт ослын тоогоороо тэргүүлсэн бол Дархан гуравт бичигджээ.

Энэ нь мэдээж тухайн чиглэлийн замын аюулгүй байдалтай холбоотой. Дээрх чиглэлийн зам онхол дэгэл, зорчих хэсгээр гэнэт гарч ирэх ховил эвдрэл ихтэй. Дээр нь үерийн ус буучихаар зам биш там болох нь мэдээж хэрэг. Тэгвэл хэсэг залуус Замыг засах ёстой биш шинэчлэх ёстой, Дарга нарын 570-д зугаатай зам такситай бидэнд там шиг зам зэрэг уриа лоозон барьж, холбогдох хүмүүст эсэргүүцлээ илэрхийлжээ.

Уг нь Азийн хөгжлийн банкны 60 сая долларын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн замын шинэчлэл, Улаанбаатар -Дархан чиглэлийн зам засварын ажлыг хийхээр болсон. Зам засварын ажлыг намраас эсвэл 2019 оны хавраас эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэж Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдэгдсэн юм.

Хэдийгээр “засна, шинэчлэнэ” гэж буй ч ганцхан зуны бороонд татвар төлөгчдийн мөнгийн бүү үйчихээсэй гэсэн иргэдийн шүүмжлэл, байгалийн анхааруулгыг эрхэм түшээд маань бүү умартаасай.

Бороо улам орж, бодлогын алдаатай шийдвэр, муу зам, муу барилга, муу бүтээн байгуулалтыг улам бүр шалгаасай.