5G гэж юу вэ?

5G сүлжээ нь гар утасны интернетийн шинэ үе бөгөөд илүү хурдан интернетийг танд мэдрүүлнэ. Уг сүлжээний дундаж хурд нь 1GB ба энэ нь одоогийн интернетээс 10-100 дахин хурдан гэсэн үг. Мөн хаана ч байсан интернетэд орох боломжтой бөгөөд вебсайт, бичлэгийг ачааллахад одоогийнхоос 20 дахин хурдан буюу нэг миллисекунд л шаардлагатай байна. 5G сүлжээг нэвтрүүлэхэд их хэмжээний дата зөөвөрлөх дэд бүтэц шаардлагатай ба 2020 он гэхэд дэлхий даяар нэвтэрч 3G, 4G сүлжээтэй зэрэг ашиглагдах юм. Үүнээс гадна тус сүлжээг гар утаснаас гадна хиймэл оюун ухааны технологид ашиглаж байна. Тухайлбал, робот гарыг 5G сүлжээгээр удирдаж алсаас мэс засал хийх, автомат удирдлагатай машиныг удирдах зэрэгт ашигласан юм. 

Хэзээнээс нэвтрэх вэ? 

Америк - Үүрэн телефоний оператор Веризон компани өнгөрсөн дөрөвдүгээр сард 5G сүлжээг дэлхийд анх удаа нэвтрүүлсэн юм. Гэхдээ зөвхөн Чигаго болон зарим мужид 5G сүлжээг ашиглах боломжтой байна. Чигагод 5G сүлжээ 1.4Gb хүртэлх хурдтай байгаа ба энэ нь одоогийн 4G сүлжээний дээд хурд болох 300Mb-аас хэд дахин хурдан байна. Веризоноос гадна AT&T компани Америкийн 19 хотод 5G сүлжээ нэвтрүүлжээ. Гэвч энэ нь 5G утсанд тохиромжгүй тул одоогоор 5G Netgear Nitehawk гэх төхөөрөмжөөр өндөр хурдны интернетийг ашиглах боломжтой юм. Мөн T-Mobile компани Нью-Йорк, Лос Анжелес, Даллас, Лас Вегас зэрэг 30 хотод 5G сүлжээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Их Британи - Үүрэн телефоний оператор EE өнгөрсөн тавдугаар сарын 30-нд Их Британий зургаан хотод 5G сүлжээ нэвтрүүлсэн ба энэ оны сүүл гэхэд дахин 10 хотыг сүлжээнд холбох юм. Харин Водафоне компани долдугаар сарын гурванд долоон хотод, Three компани наймдугаар сарын 19-нд Лондон хотод 5G сүлжээ нэвтрүүлжээ. Гэвч Three компаний сүлжээг зөвхөн гэрийн нөхцөлд ашиглах боломжтой ба энэ оны сүүлээр сүлжээг гар утсанд тохируулж, нэмэлтээр 24 хотхон, хотуудад нэвтрүүлэх юм. Уг сүлжээний хурд 200Mb-550Mb байгаа хэдий ч 4G-ээс илүү хурдан гэнэ. 

Австрали - Самсунг Галакси S10 5G утас өнгөрсөн тавдугаар сард Австралид нээлтээ хийсэнтэй зэрэгцэн Telstra компани 10 хотод 5G сүлжээг нэвтрүүлсэн байна. Эдгээрээс гадна Хятад, Япон, Өмнөд Солонгос улсууд 5G сүлжээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. 

Ямар гар утаснууд 5G сүлжээтэй вэ? 

Самсунг Галакси S10 5G, Oppo Reno 5G, OnePlus 7 Pro 5G, Xiaomi Mi Mix 3 5G, Huawei Mate 20 X 5G, LG V50 ThinQ 5G. Мөн Моторола компани Moto Z загварын утаснуудыг 5G сүлжээнд холбох Moto Mod төхөөрөмж худалдаанд гаргаад байна. 

Сөрөг нөлөө бий юу? 

Мод, барилга зэрэг нь 5G сүлжээний хамрах хүрээнд саад болох магадлалтай юм. Иймд үүрэн телефоний операторууд 5G сүлжээний хүртээмжийг сайжруулахын тулд олон жижиг үүрэн радио байрлуулах шаардлагатай. Гэвч радионы долгион хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэдгийг ДЭМБ-аас мэдэгдсэн юм. Гэхдээ энэ тал дээр хангалттай судалгаа хийгдээгүй ба зарим судлаачдын хэлснээр 5G сүлжээний өндөр давтамж хүний биед аюулгүй гэнэ. 

Эх сурвалж: Cnet, Techradar