Хотын даргын зөвлөлийн хурлаар иргэдийн амарч, зугаалахад таатай орчинг бүрдүүлж чадахуйц, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө дурсгал, урлагийн бүтээл бүхий газруудыг Нийтийн эдэлбэр газарт хамруулахаар боллоо.

Эхний ээлжид ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий 30 байршлыг тогтоон Нийтийн эдэлбэр газарт хамруулан тогтоосон байна.

Тодруулбал, дээрх 30 байршилд  төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн амралт, зугаалгын ногоон байгууламж бүхий талбай, цэцэрлэгт хүрээлэнг Нийтийн эдэлбэр газарт хамруулахаар дэмжиж, НИТХ-д оруулахаар болсон юм.

Хотын даргын зүгээс цаашид хэчнээн газрыг нийтийн эдэлбэр газарт хамруулах боломжтойг судалж, үе шаттайгаар нэмээд явах шаардлагатайг дурдсан байна. Мөн дээрх газруудын ашиглалтын байдалд хяналт тавих, тохижилт, арчилгааг дүүргүүдийн Засаг даргад хариуцуулах гэнэ.

Зураг: НЗДТГ

Үүнээс гадна Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2008 оны 141-р тогтоолоор түүх, соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан СХД-ийн 23-р хорооны нутаг дэвсгэр дэх Хамбын овооны Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах юм.

Нийслэлд үүнтэй адил хэлмэгдүүлэлт болсон газрууд цөөнгүй байгаа тул цаашид мэргэжлийн байгууллагуудаас дэмжлэг авч, судалгаа шинжилгээ хийн, тэр орчимд зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэх, хашаалах асуудлыг судалж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо.

Сануулахад, Засгийн газраас нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэнд газар олгосон асуудлыг цуцлах шийдвэр гаргасан юм.