Одоогоос 10 гаруй хоногийн өмнө Хэнтий аймагт дааганы уралдаанд морь унасан зургаан настай хүү гараа хөлдөөсөн талаарх зургийг нэгэн иргэн сошиал орчинд нийтэлсэн юм.

Энэхүү нийтлэл нь хүйтний улиралд бага насны хүүхдээр морь унуулсан гэх шүүмжлэлд өртөж, олны дургүйцлийг ихээр хүргэсэн. Тэгвэл энэ асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас мэдээлэл хийж, ташаа мэдээлэл хэмээн мэдэгдлээ.

Морь унаж гараа хөлдөөсөн гэх хүү нь Хэнтий аймгийн ойролцоох сумд амьдардаг зургаан настай бөгөөд шинийн нэгэнд айлд золголт хийж яваад ахынх нь мотоциклын бензин дууссан гэх мэдээлэл аван гар чийдэн бариад ах руугаа гүйж яваад гараа хайруулсан байна.

Иймд сошиал орчинд тархаад буй морь унаж байгаад гараа хөлдөөсөн гэх мэдээлэл худал ташаа болохыг хүүгийн ээж болон баттай эх сурвалжаас тогтоожээ. Одоогоор хүү Сэлэнгэ аймгийн хөдөө суманд ээжтэйгээ хамт золголт хийж яваа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ.

Мөн гараа хөлдөөсөн хүүг маргааш Сэлэнгэ аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.

Харин хүүгийн гараа хөлдөөсөн зургийг найзынх нь ээж зөвшөөрөлгүй дарж олон нийтэд мэдээлсэн болох нь тогтоогджээ. Тиймээс бага насны хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй авч, худал мэдээлэл тараасан тухайн иргэнийг хүүхдийн эрхийг зөрчсөн хэмээн үзэж, холбогдох газраас шалгаж эхлээд байна.

Техник технологи, сошиал орчин хөгжиж байгаа энэ үед хүүхдийн эрх зөрчигдөж байгаа үйлдлийг цаг алдалгүй илрүүлж, бодит цаг хугацаанд нь мэдээлдэг давуу талтай ч энэ мэт олныг төөрөгдүүлсэн, бусдыг буруутгаж, үзэн ядсан худал мэдээлэл гарах болсон нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа гэдгийг албаныхан хэллээ.

Үүнээс гадна өвлийн улиралд нууцаар морь уралдуулж хүүхэд гэмтэх тохиолдол гарч байгаа тул Зөрчлийн тухай хуульд зааснаар “хүүхдийн амь нас эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй тоглоом наадамд татан оролцуулсан” тохиолдолд хамгийн багадаа хоёр сая төгрөгөөр торгодог болох санал гаргажээ. Одоогийн мөрдөгдөж буй заалтаар дээрх тохиолдолд 100 нэгжээр л торгодог байна.

Зураг: Өдрийн тойм