Зургаан насанд хүүхдийн хэл яриа хөгжиж, хийсвэрлэн сэтгэх, үгийг үндсэн буюу бодит утгаар ойлгохоос гадна салаа утга, егөө утгыг ойлгож эхэлдэг байна. Судалгаанаас үзэхэд зургаан насанд ойролцоогоор 2500 гаруй үгийн нөөц сантай болдог аж. 

Хүүхдийн үгийн сан нэмэгдсэнээр сэтгэхүй сайн хөгжихөөс гадна санаа бодлоо бүрэн гүйцэд, ойлгомжтой илэрхийлж сурдаг байна. Иймд дараах аргыг ашиглан хүүхдийнхээ үгийн санг нэмэгдүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөжээ. Тухайлбал, ном уншиж өгөх, ялангуяа уран зохиолын номоос үгийн баялаг нь нэмэгдэнэ. Мөн тайлбар толь үзэх, хүнээс үг асуух, үг бүлэглэж болно. 

Мэргэжилтнүүдийн хэлснээр 6-12 насанд хүүхэд уншсан, сонссон зүйлээсээ өвөрмөц хэлц, хэвшмэл хэлц, шог үг, егөө үгийн утгыг зөв ухаарч эхэлдэг байна.  Тиймээс үгэн наадам гэх тоглоомыг тоглох нь зөв юм. 

Үгэн наадамд оньсого, түргэн хэллэг, жороо үг, асуулга дайралцаан, хэл зүгшрүүлэх, амьсгал уртасгах үг, ес хэлэлцэх, хуруудах, дэмбээдэх зэрэг багтана. Хэл зүгшрүүлэх үг нь үгийг зөв дуудахад тусалж, хэл, сонсголыг зөв хөгжүүлэх зориулалттай юм. 

Харин түргэн хэллэг, жороо үг нь үгийг түргэн хэлж, хурц тод хэлтэй болох, үгийг эвсүүлэн найруулж холбох арга ухаанд сургадаг бол амьсгал уртасгах үг нь уушгины багтаамжийг нэмэгдүүлж, амьсгалыг задраахад тусалдаг байна. 

6-12 настай хүүхдийн эерэг онцлог:

  • Цовоо сэргэлэн,
  • Баяр баясгалантай,
  • Биеийн болон сэтгэлийн хөдөлгөөн ихтэй,
  • Танин мэдэх сонирхол хүсэл эрмэлзэлтэй,
  • Сониуч, уриалагхан
  • Итгэмтгий зантай
  • Гэнэн цайлган
  • Өөдрөг сэтгэлтэй
  • Амархан баярладаг, амархан гомддог

Сул зан чанарууд:

  • Өөрийгөө удирдах чадвар муутай
  • Зориг тэвчээр багатай
  • Тогтворгүй
  • Хувьсамтгай

Хүүхэд бүхэн эрүүл энх, аз жаргалтай байг.