Хүүхэд зургаан сар орчим болоход хоолны дуршил сэргэж дэргэдэх хүнээ хоол идэхэд нь горьдож харах, түүн рүү тэмүүлж эхэлдэг. Энэ үеэс нь л хоолны дуршлыг зөв хөгжүүлэх шаардлагатай ба юун түрүүнд чихрийн амтыг мэдрүүлэхгүй байх нь чухал юм. 

Хүүхдийг зургаан сартай болсны дараа зохих нэмэгдэл хоолонд дасган оруулж, нэг нас хүрэхээр нь дэглэмээр хооллохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хүүхдийн хоолыг хийхдээ давс багатай хийж өгөх нь чухал юм. Мөн олон төрлийн хоол ээлжлэн хийж өгөх нь хүүхдийн хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг байна. Хооллох орчныг чимээ шуугиангүй, цэвэр цэмцгэр байлгах шаардлагатай.

Хүүхдийг нэг нас хүрэхээс өмнө чихрийн амт мэдрүүлэхээс татгалзаж, цаастай чихэр огт өгч болохгүй гэнэ. Учир нь, чихэрт дуртай болох нь бусад тэжээлийн бодис бүхий хоолонд дургүй болж, улмаар турж эцэх, өвчлөмтгий болох, харшилтай болох, сүүн шүд ургангуут шарлаж цоорох зэрэг сөрөг нөлөөтэй байна.

Үүнээс гадна хүүхдийг дургүй байхад нь хэзээ ч албадан хоол идүүлж болохгүй бөгөөд хооллохоос өмнө уйлуулах, уурлуулах, их хөдөлгөөнтэй, хэт хөгжөөнтэй тоглоом тоглуулж хэрэггүй гэдгийг зөвлөлөө.