Сүүлийн үед газар аваад буй төрийн албан тушаалтан, УИХ-ын гишүүд ЖДҮХС-ээс зээл авсан асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж АТГ мэдэгдлээ. Мөн нэр холбогдсон гишүүдээс гэрчийн мэдүүлэг авч, АТГ-аас гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ Прокурорт өгсөн гэлээ.

Түүнчлэн Н.Номтойбаяр гишүүний дэлгэн тавьсан Ерөнхий сайдын төрсөн дүү нь ЖДҮХС-аас зээл авсан эсэх асуудлыг шалгаж байгаа гэж мэдэгдлээ.

Харин 60 тэрбумын хэргийг шалгах явцад АТГ-ын удирдлага албан тушаалтнууд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй гээд ТЕГ, ЦЕГ, АТГ хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа гэнэ.

Уг хэргийг 2016 оноос эхлэн шалгаж байгаа ба 60 тэрбумын яриа болсон нь үнэн гэдгийг тогтоосон ч хэрэгт холбогдсон хүмүүсээс мэдүүлэг авахад хэрэгжээгүй ээ гэсэн хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Ч.Жаргалбаатар хэллээ. Гэхдээ 60 тэрбумын схем хэрэгжсэн эсэх асуудлыг ТЕГ-аас нягтлан шалгаж байгаа юм байна.

АТГ-аас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тараад буй Хууль зүйн сайд асан Б.Дорлигжав Алтан Дорнод Монголын захирал Т.Ганболдыг дарамтлан дөрвөн сая доллар авсан, цэвэр агаар сангийн зарцуулалттай холбоотой хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Түүнчлэн олны анхааралд буй экс Ерөнхий сайдуудын хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг мэдэгдсэн бол Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой Стандарт банкны хэргийн мөрдөн байцаалт дуусаж, Прокурорт шилжүүлэхээр болжээ.

Мөн төмөр замтай холбоотой хэрэг хаагдаагүй, энэ хэрэгтэй холбоотойгоор залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэх гадаад иргэний хэргийг эцэслэн шийдсэн гэх мэдээллийг АТГ-аас өглөө.