Бид тоймлоё, Та унш

2019.08.21 Лхагва                                                                20°C  2,672.73  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё 


Их сургуулийн төлбөр нэмэгдлээ 

Их сургуулийн төлбөр ₮1.6-3.6 саяын хооронд байгаа ба энэ жил 10 хүртэлх %-р нэмэгдсэн гэж салбар яамнаас мэдэгдлээ. Одоогоор яг хэчнээн ₮-р нэмэгдсэн нь тодорхойгүй байгаа ба их сургуулиуд 8/25 гэхэд ямар шалтгаанаар төлбөр нэмэгдүүлснээ яаманд тайлагнах ёстой. 

Чанаргүй их сургуулийг цөөлнө 

Энэ жилээс зарим сургуулийг нэгтгэнэ. Ингэснээр Монголын их, дээд сургуулиуд дэлхийн топ сургуулиудын жагсаалтад багтах боломжтой гэнэ. Мөн аттестатчилалд тэнцээгүй 5 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна.  

Тойм  

Их сургуулийн төлбөр жил бүр л тодорхойгүй шалтгаанаар нэмэгддэг. Жнь: 2018 онд сургалтын төлбөр ₮300-400 мянгаар нэмэгдсэнээс болж МУИС-ын оюутнууд жагсаж, хичээл хаялт зарлана гэжээ. Гэвч их сургуулийн удирдлагууд болон БСШУСЯ-аас төлбөр нэмэгдсэн шалтгааныг тайлбарлаагүй юм. 


Аав ээжүүдээ гэрээгээ байгуулаарай

ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрийг шинэчилж, Иргэний боловсрол хичээлийг 1-5 ангид Монгол ёс хүмүүжил, 6-12 ангид Иргэний ёс зүйн хичээл болгон оруулахаар боллоо. Мөн УБ-ын сурагчдыг утааны үед, орон нутгийн сурагчдыг мал төллөх үеэр урт амраах гэнэ. Энэ жилээс эхлэн ЕБС-иуд бүх эцэг эхчүүдтэй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, суралцахад бүх талаар дэмжих үүрэг бүхий гэрээ байгуулах юм. 


Цаг агаараас болж ургац алдана 

Энэ жил 502.0 мянган га-д тариалалт хийсэн боловч зарим нутгаар хэт халж, үргэлжилсэн бороо орсны улмаас ургац алдах магадлалтай байна. Урьдчилсан байдлаар Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатарын 2500 гаруй га талбайд ургац алджээ. Харин Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Сэлэнгийн зарим нутгаар ургац хэвийн байна.


Оросын цөмийн хяналтын станцууд унтарлаа

Энэ нь 8/8-нд болсон пуужингийн дэлбэрэлтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзжээ. Учир нь осол гарснаас 2 хоногийн дараа Дубна, Киров станцууд мэдээлэл дамжуулахгүй болсон бол Билибино, Залесово станцууд 8/13-нд унтарсан байна. Станцууд хэзээнээс хэвийн байдалд орох нь тодорхойгүй байгаа ба пуужингийн дэлбэрэлтээс болж цацраг идэвхит бодис агаарт тархсан юм. Улмаар Оросын ЗГ ойр орчмын иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.


Хятадын хуурамч хаягийг устгав

Хонг Конгийн жагсаалын талаар худал мэдээлэл тараасан Хятадын ЗГ-тай холбоотой хаягийг Твиттер, Фэйсбүүк компани устгалаа. Тухайлбал, Твиттер 936 хаяг устгасан бол Фэйсбүүк 7 хуудас, 3 групп, 5 хаяг устгасан байна. Хятадын тал одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм. Хонг Конгийн жагсаал 2 сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа ба жагсагчид шаардлагыг нь биелүүлтэл зогсохгүй гэжээ.

Таны сонорт


Image result for road icon Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн замыг нээлээ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр