Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-нд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратэгийн олон улсын нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө.

Киокушин каратэгийн нөхөрсөг нээлттэй тэмцээнд 20 орчим орны 30-аад дожоны 2000 гаруй тамирчин оролцсон бөгөөд Монгол улсаас нийт 15 тамирчин бага, өсвөр, ахмад насны ангилалд өрсөлджээ.Тэмцээнээс Монголын баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль авч түүхэн амжилт үзүүлсэн байна.

Тодруулбал, Орчлон сургуулийн 2б ангийн сурагч Н.Нэмүн долоон насны ангилалд алтан медаль, 35-39 насны ангиллын +80 кг-ийн жинд Орхон аймгийн Киокушин каратэгийн дожоны багш З.Нандинзориг хүрэл медаль, 40-44 насны ангиллын -70 кг-ийн жинд Улаанбаатар дожоны нэр дээр оролцсон Ө.Гантөмөр хүрэл медаль хүртжээ.

Зураг: Фэйсбүүк

Манай улсын баг тамирчид өмнө нь уг тэмцээнээс медаль авч байгаагүй ба энэ жил гурван медаль хүртсэн нь түүхэн амжилт юм. Ялангуяа сурагч Н.Нэмүн долоон насны ангилалд аваргалсан нь Монгол хүүхэд анх удаа каратегийн дэлхийн аварга болж буй тохиолдол байна.

Н.Нэмүний хувьд таван настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан ч амжилтаа ахиулсаар өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж, энэ жил ийнхүү насныхаа ангилалд дэлхийн номер нэг тамирчин боллоо.

Дашрамд дурдахад, Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо болж буй жюү-жицүгийн ДАШТ-ээс бас нэгэн Монгол хүү медаль хүртэж, дэлхийн медальтан боллоо. Тодруулбал, тэмцээний өсвөр үеийн -60кг-д Гаруда академийн тамирчин Ө.Бат-Оргил мөнгөн медаль хүртсэн байна.

Зураг: Фэйсбүүк