Бид тоймлоё, Та унш

2020.04.09 Пүрэв                               10°C  2,781  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё 

"Тавантолгой"-н цахилгаан станцыг барих шийдвэр гаргалаа

Засгийн газрын өнөөдрийн /04.08/ ээлжит хуралдаанаар Тавантолгойн цахилгаан станцыг барих хөрөнгийг шийджээ. Станцын хөрөнгө оруулалт Оюутолгой ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байна. Хөрөнгө оруулалтаа таван жилд нөхнө гэж тооцоолжээ. Гол хэрэглэгч нь Оюутолгой байх бөгөөд Оюутолгой 170-200 сая ам.долларыг жил бүр импортын эрчим хүчинд төлж байгаа. Энэ төлбөрөөр тооцоход богино хугацаанд станцын зардлыг нөхөх боломжтой.  2024 оноос ашиглалтад орох юм.

 

Тавантолгойн ордод түшиглэн хөрөнгийн эх үүсвэрийг шийднэ

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т компани ашиглалтад орсноос хойш дөрвөн жилийн дотор Монгол Улсаас эрчим хүчээ авах заалт байдаг. Харамсалтай нь хэрэгжихгүй байгаа юм.  Тиймээс "ЭрдэнэсТавантолгой"-г түшиглэж санхүүгийн асуудлыг шийдэх гэнэ. "Эрдэнэставантолгой" ашигтай сайн ажиллавал боломжтой гэж үзжээ.  Жишээ нь, 2018 оны ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Тэгвэл 2020-2023 оны ногдол ашгаас санхүүжүүлж болно. Бүр хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл бонд гаргаж санхүүжүүлнэ. Санхүүгийн боломжтой бүх механизмыг ашиглахаар төлөвлөжээ.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

Эрчим хүчний сайд С.Даваасүрэн “ Маргаашаас энэ асуудлаар Оюутолгойн удирдлагуудтай уулзана.  Мөн  Монголын талын ТУЗ-ийг өөрчлөх асуудал ажлын хэсэг дээр яригдсан. Арбитрын маргааны тухайд  татвартай холбоотой тул Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцаад явж байгаа.  Цахилгаан станцыг Төрийн санхүүжилтээр барих учраас консорциум орохгүй гэсэн үг. 2018 онд байгуулагдсан гэрээн дээр Тавантолгойн станц байгуулах гэрээний хүрээнд ТТЦС барих концессын эрх авсан компанитай Оюутолгой хамтарч хэрэгжүүлэхээр заасан байсан. Харамсалтай нь харилцан ойлголцолд хүрсэнгүй. Станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаас болоод хэрэгжүүлэх боломжгүй болсон. ” гэлээ.


 

Дахиад нэг чухал шийдвэр

ЭМЯ-наас өнөөдөр Япон улсад үйлдвэрлэсэн "Авиган" гэх эмийг коронавирусын эсрэг эмчилгээнд ашиглаж эхэлсэн гэж мэдэгдлээ.   Тус эм нь коронавирусийг дарангуйлж, хүчийг нь сулруулдаг болохыг эрдэмтэд баталсан юм.  Албан ёсны нэршил нь “Фавипиравир” буюу худалдааны нэр нь “Авиган” гэх энэхүү эмийг коронавирусыг эсрэг тэмцэхэд үр дүнтэй талаар өнгөрсөн нэгдүгээр сараас хойш яригдаж эхэлсэн юм. Одоогоор энэ эмийг дэлхийн олон орон захиалан хэрэглэж байгаа бөгөөд  Японы “Fujifilm Toyama Chemical” компани үйлдвэрлэж буй.

Хятадын Засгийн газар “Авиган”-ыг албан ёсоор “Ковид-19” вирусний өвчлөлд хэрэглэхээр болсноо мэдэгдсэн. Бусад вирустэй харьцуулахад маш хурдацтай хувирч чаддаг RNA агуулсан коронавирусын эсрэг энэхүү эмийг анх удаа Хятадын Уханьд 300 гаруй хүнд туршиж үзсэн юм.


 

БНСУ-аас 267 иргэнээ авчирлаа

БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301 дугаартай тусгай үүргийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд 20:17 цагт газардлаа. Тус онгоцоор 258 том хүн есөн нярай хүүхэд нийт 267 зорчигч ирж байгаа бөгөөд агаарын хөлгийн ачаанд ДЭМБ-ын болон Монос групп, Ази фарма компанийн эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэн ирж байна.Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр хоёр хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлээд байгаа юм.


  • “Covid-19” өвчин анх гарсан Хятадын Ухань хотын хөл хориог өнөөдөр (2020.04.08)-өөс албан ёсоор цуцалж, 76 хоногийн турш гэрийн хорионд байсан тус хотын оршин суугчид гэрээсээ гарч, өөр хотууд руу зорчиж, ажилдаа явах боломжтой болж байна. Нийт 11 сая орчим хүн амтай тус хот руу орох, гарах тээврийн хөдөлгөөнийг нээж байгаа ч өөр хот руу зорчихын тулд эрүүл мэндийн тусгай код шаардлагатай аж. Харин Хубэй мужийн хувьд хөл хориог хоёр долоо хоногийн өмнө цуцлаад байсан юм.Ухань хотод хөл хорио цуцлагдсан даруйд хотоос гарах чиглэлийн галт тэрэгний 55 мянган тасалбар захиалагдсан байна. Түүнчлэн хотоос гарах хурдны замын шалган нэвтрүүлэх цэгүүд дээр ч түгжрэл үүсчээ.

 

 

 

Таны Сонорт 


Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон  хугацаг сунгах эсэхийг маргааш шийднэ

Өдрийн тойм Статистик 


Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр