Бид тоймлоё, Та унш

2020.04.15 Лхавга                              10°C  2,782  Идээ ундаа элбэг олдоно

Чухлыг тоймлоё 

Нэг хүн эдгэж, 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ-наас коронавирусын халдварын талаар  ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар авсан нийт таван хүн эдгэж, эмнэлгээс гарчээ. Харин гаднаас зөөвөрлөгдсөн өвчлөлийн тоо нэмэгдсээр байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийн лабораторид нийт 502 хүнд хийсэн шинжилгээний хариу гарчээ. Үүнээс Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж тусгаарлагдсан 260 хүний хариу сөрөг гарсан бол тандалт судалгааны зорилгоор уушгины хатгалгаагаар өвдсөн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс гадна ОХУ-аас ирж тусгаарлагдсан 149, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 44 хүнд хийсэн шинжилгээний хариу гарч 13 тохиолдол нэмж батлагджээ.  Ингэснээр Монгол Улсад коронавирусын 30 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

 

Сонгдо” эмнэлэгт бүртгэгдсэн тохиолдлыг баталгаажуулна

Түүнчлэн өнөөдөр үдээс хойш “Сонгдо” эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрч, тусгаарлагдсан хурдавчилсан тестээр шинжилгээ авахад “ковид-19” эерэг гарчээ. Өндөр настай иргэнийг тусгаарлах өрөөтэй тул эмнэлэгт нь тусгаарлаад байна.  Харин хүү нь ХӨСҮТ-д байгаа гэнэ.    Өндөр настны ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-нд очсон. Өчигдрийн байдлаар хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан.PCR шинжилгээгээр баталгаажуулах ёстой бөгөөд хариу 24 цагийн дараа гарна.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа “Батлагдсан оношлуур бол PCR-аар явж байгаа. PСR буюу лабораторийн шинжилгээгээр эцсийн хариу батлагдана. Хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийсэн. Манайд гараад байгаа хэд хэдэн төрлийн хурдавчилсан оношлуур байгаа. Энэ бол вирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа юм биш. Вирусын халдвар аваад цусанд нь үүссэн антителийг илрүүлж байгаа оношлуур. Оношлуурын мэдрэх чанар нь янз бүр байна. Эмнэлгүүд энэ оношлуураар эерэг гарсан тохиолдлуудаа шинжилгээнд илгээгээд байгаа. Тэгэхээр ДЭМБ энэхүү хурдавчилсан оношлуураар “ковид-19”-ийг илрүүлэх шинжилгээ хийхийг зөвлөмж болгоогүй, одоохондоо. Аль ч хурдавчилсан оношлуураар хийхийг зөвлөхгүй байна. Тэгэхээр бид сэжигтэй тохиолдлуудаас хамрын болон хоолойн арчдас аваад вирусийн геномын дараалал илрүүлэх PСR шинжилгээгээр л баталгаажуулж байгаа” гэлээ.


 

 Дахиад нэг чухал шийдвэр

УОК –ын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Гэхдээ зургадугаар сарын 1-нийг хүртэл теле хичээл үргэлжлэнэ. Комиссоос хичээл сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй. ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираахгүй. Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-аас аймаг нийслэлийн засаг дарга нарт сургууль цэцэрлэгийн танхимын тог цахилгааныг хязгаарлах чиглэл өгөөд байна.


 

Абэ Шинзо нохойгоо эрхлүүлж, сэрэмжлүүлэв

 

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өөрийн твиттер хуудсандаа буйдан дээрээ сууж кофе уунгаа нохойгоо эрхлүүлж буй бичлэгээ нийтэлж, ард иргэдийг цар тахлын үед хариуцлагаа ухамсарлан гэртээ байхыг уриалсан юм. Тэрбээр “Хэдий та найзуудтайгаа уулзаж, наргиж цэнгэж чадахгүй байгаа ч өнөөдөр та гэртээ байснаар маш олон хүний амийг аврах юм шүү” гэсэн тайлбартайгаар бичлэгээ нийтэлсэн байна. Гэтэл түүний энэхүү бичлэгийг цахим сүлжээ хэрэглэгчид  мэдрэмжгүй хандлаа, цаг үеэ олоогүй бичлэг хэмээн шүүмжилжээ.  Тухайлбал, “Олон мянган хүн амьд үлдэхийн төлөө тэмцэж байхад ингэж гэртээ амар амгалан тансаглаж байгаа бичлэгээ нийтэлж байдаг. Та өөрийгөө хэн гэж бодоо вэ” хэмээн жиргэсэн бол өөр нэгэн хэрэглэгч “Ерөнхий сайд ч гэсэн өөрийн гэсэн орон зайтай, гэртээ өөрийн дураар байх эрхтэй” хэмээн бичсэн байв.


 

  • Аньс дархлаа дэмждэг бол цангис жимс вирустэй тэмцэхэд туслана. Намгийн цангис нь хамгийн сайн антибиотик бөгөөд олон ашигтай бодис, амин дэм агуулдаг аж. Тэр нь организмд вирусийн эсрэг тэмцэхэд туслана.  Мөн халуун бууруулахаас гадна нойргүйдлийг эмчлэх, ядаргаа тайлах шидтэй. Энэ бүгд нь коронавирусийн цар тахлын цагаар хэрэгтэйг Оросын эмч мэргэжилтнүүд тайлбарлажээ.Ер нь зэрлэг жимсэнд амин дэм илүүтэй агуулагддаг тул өдөрт 50 грамм хэрэглэхэд хангалттай. Харин хүчил шүд гэмтээх эрсдэлтэй тул хэрэглэсний дараа зайлшгүй амаа зайлах хэрэгтэй гэнэ.

 

 

Таны Сонорт 


НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор иргэдийн дансанд шилжүүлнэ

Өдрийн тойм Статистик 


Эмч нарын гаргацгүй бичиг нь жилд 7000 хүний амь насыг авч оддог бол буруу эм өгснөөр 1.5 сая хүн хохирдог байна. Энэ нь зөвхөн АНУ-ын эрүүл мэндийн судалгааны байгууллагаас гаргасан тоо баримт юм.

 

 

 

 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр