Бид тоймлоё, Та унш

2020.05.06 Лхагва                           18°C                2,790   Эд мал арвидна

Чухлыг тоймлоё 

Ерөнхийлөгч Энэтхэг рүү тусгай нислэг хийх санал хүргүүлжээ

Улсын онцгой комиссын хурлаар гадаад улс руу дараагийн чартер нислэгүүдийг хийх нь зүйтэй гэж үзжээ.  Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор БНЭУ руу захиалгат нислэг хийх боломж, нөхцлийн талаар судлахаар болсон байна.  УОК-ын дарга  энэ асуудлаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгчээ.  Өмнө нь УОК-оос Энэтхэг зэрэг шууд нислэггүй улс руу тусгай үүргийн нислэг үйлдэх боломжгүй гэж мэдээлж байсан. Зөвхөн Европ, БНСУ-аар дамжуулан авах боломжтой гэдгийг дурдаад байв.  Энэтхэг улсаас 500 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн байна.  Үүнээс 314 нь тус улсад шашны сургуульд сурч байгаа лам хүүхдүүд гэсэн мэдээлэл байна.

 

Хүннү эйр" компани Энэтхэг нисэх хүсэлтээ хүргүүлээд байв

Энэтхэгт халууны улирал эхэлсэн учир нөхцөл байдал маш хүнд байна гэж эцэг, эхчүүдийн төлөөлөл өмнө нь мэдээлж байсан.   Мөн иргэд  нэгдэн "Хүннү эйр" компанид санал тавин, 88 зорчигчийн суудалтай онгоцыг түрээсэлж, хүнд нөхцөлд ороод байгаа хүмүүсээ авах хүсэлтэй байгаагаа УОК-т уламжилжээ. "Хүннү эйр" компани нэг хүний зардлыг 1000 орчим ам.доллар гэж тооцон, авчирч болно гэсэн саналаа илэрхийлсэн бол УОК "МИАТ-ийн нислэггүй газраас нислэг үйлдэхгүй" гэсэн хариу өгснөөр мухардалд ороод байсан юм.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Хамгийн сүүлд гадаад улс руу гурван удаагийн тусгай нислэг үйлдлээ. Гурван удаагийн энэхүү тусгай нислэгээр нийт 28 улсаас 800 иргэнийг татан авах ажлыг зохион байгуулсан. Мөн

өнөөдрийн байдлаар 10076 иргэн гадаад орнуудаас эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа. Мөн гадаадын 24 орны нийт 132 иргэнд Монголоос эх орондоо буцах боломжийг олгож, явууллаа. Бид УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Турк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Үүний дараа дахин БНСУ руу нислэг үйлдэх асуудал яригдана. Учир нь БНСУ-д манай улсын 47,000 орчим иргэн өнөөдрийн байдлаар бий тул тус улс руу дахин нислэг хийх зайлшгүй шаардлага байгаа. Мөн хил залгаа ОХУ-аас 2,000 орчим иргэнээ татан авах нарийвчилсан арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна" гэдгийг хэллээ.

 


 

Дахиад нэг чухал шийдвэр

Сургалтын төвүүдийг маргаашнаас нээнэ. Иймд сургалтын төвүүд үүдээ нээхээс өмнө эхлээд өөрсдөө бэлтгэлээ хангахыг анхааруулав. Эхний ээлжинд нэг удаад арав хүртэл тооны сурагчид л хичээл заахыг зөвшөөрнө. Гэвч 15 м кв жижиг өрөөнд 10 хүүхэд суулгаж болохгүй гэв.Ингэснээр “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулна. Тодруулбал 2020 оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон боловсролын байгууллагуудын жагсаалтаас “сургалтын төв”-ийг хасч тус тогтоолд Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт оруулснаар УОК-ын тогтоол хүчин төгөлдөр үйлчилж аж.


 

“Nike” эмнэлгийн ажилчдад 30 мянган гутал хандивлана

Спорт хувцас үйлдвэрлэгч “Nike” компани АНУ даяар коронавирусийн цар тахалтай нүүр тулан ажиллаж буй эмнэлгийн эмч, ажилтнуудад 30 мянган гутал хандивлах болсноо мэдэгджээ. Тус компани 2019 оны арваннэгдүгээр сард анх эмнэлгийн ажилтнууд, эмч нарт зориулан гаргасан “Air Zoom Pulse” загвараа хандивлах юм байна.

Түүнчлэн Барселона, Берлин, Лондон, Милан, Парис зэрэг Европын орнуудын эмнэлэгт 2,500 хос гутал хандивлах аж. Мөн Нью-Йорк, Лос Анжелес хотын эмнэлгүүдэд 95 мянган ширхэг оймсыг хандивлаад байгаа ба АНУ-ын коронавирустэй тэмцэх санд нийт 25 сая орчим ам.долларыг тус компанийн зүгээс хандивласан байна.

 

 


 

  • Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг Солонгосыг чөлөөлөх дайны үеэр амиа алдсан орос цэрэг эрсийн дурсгалыг мөнхжүүлэхэд том хувь нэмэр оруулсныг үнэлж, ОХУ-ын зүгээс Ялалтын 75 жилийн ойн медалиар шагнажээ. Ойн медалийг Пеньянд суугаа ОХУ-ын Элчин сайдын Александр Мацегор БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Сон Гвонд гардуулж өгөхийн зэрэгцээ талууд хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцжээ.1945 оны Солонгосыг чөлөөлөх дайнд 4700 орос цэрэг амиа алдсан юм.

 

 

 

Таны Сонорт 


Тавдугаар сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, салхи шуургатай байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

 

 

Өдрийн тойм Статистик 


Дэлхийн хамгийн том цэцэг Rafflesia Arnoldii нь нарны хаалт шиг хэмжээтэй болтлоо томордог.

 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр