Ерөнхийлөгч Х.Баттулга 12 сарын 31-ний орой шинэ жилийн мэндчилгээ хүргэх үеэрээ Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ахмадуудын өрийг тэглэнэ гэж мэдэгдсэн юм. 

Тодруулбал, “туурга тусгаар Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэжээ. 

Тэгвэл өнөөгийн Монголын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ахмадуудын зээлийг тэглэх чадамжтай юу? 

Өнгөрсөн оны 11-р сарын байдлаар 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл байгаа юм. Мөн Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудал шүүхийн шатандаа хэлэлцэгдэж байна. Тиймээс уг асуудал шүүхээр эцэслэгдэн шийдэгдэх хүртэл Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг маргаантай юм. 

Салхитын мөнгөний ордыг Жи Пи Эф ХХК эзэмшдэг байсан ба 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн нь тогтоогдсон байдаг. Улмаар уг ордод тусгай ажиллагаа явуулж зөвшөөрлийг нь цуцалсан юм. 

Түүнчлэн Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор авлига, хээл хахууль авсан, зуучилсан гэх найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна.

Тэгэхээр товчхондоо ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх асуудал ойрын хэдэн сардаа шуурхай шийдэгдэх асуудал биш юм. Хэдийгээр эдийн засгийн өсөлт 2019 онд 6.3 хувь болж, 2016 оноос тав дахин өссөн боловч манай улс 29.9 тэрбум долларын өртэй байна.

Иймээс ахмадуудын өрийг тэглэнэ гэх мэдэгдэл сонгуулийн амлалтаа биелүүлэх “попрол” уу, тооцоо судалгаатай шийдвэр үү гэдгийг харж л байя.