Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран ирэх сарын нэгнээс хүн гэмтээгүй зам тээврийн ослын дуудлагыг тусгай утас болон аппликэйшнаар бүртгэдэг боллоо.

Тодруулбал, жолооч даатгалын компаниасаа үл хамааран 1800-1177 дугаарт болон Албан журмын даатгал аппликэйшнаар ослын дуудлага, мэдээллийг өгөх боломжтой юм. Ингэснээр Албан журмын даатгагчдын холбоо даатгагч, даатгуулагч, хохирогч, иргэнээс даатгалын тохиолдол буюу зам тээврийн ослын дуудлагыг хүлээн авна. 

Харин ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон болон талууд маргаантай байгаа бол Тээврийн цагдаагийн албанд хандах ёстой байна. Аппликэйшн ашиглан ослын дуудлага өгсөн тохиолдолд зөвхөн 100 мянган төгрөгөөр торгуулж, таван оноогоо хасуулахгүй юм.

Дашрамд дурдахад, Яараад яахав дээ аяны хүрээнд орон нутагт гардаг нийт осол 64 хувь, гэмтсэн хүн 59.5 хувь, нас барсан хүн 21.7 хувиар буурчээ.