Японы засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэж өглөө.

Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Япон улсын бүрэн эрхт элчин сайд Масато Такаока тэргүүтэй хүмүүс оролцсон байна.

Уг буцалтгүй тусламжаар нийт найман тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг өгсөн бөгөөд өндөр хүчин чадал бүхий 34 ширхэг хэт авиан /ЭХО/ оношилгооны аппаратыг 21 аймгийн болон есөн дүүргийн  эрүүл мэндийн төв, ХӨСҮТ, ХСҮТ-д хүлээлгэн өгчээ.

Эдгээр аппарат нь эх барих, эмэгтэйчүүд, ургийн болон хэвлий, зүрх судасны оношилгоо хийх, ялангуяа элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх, оношилгоо эмчилгээнд ашиглах зэрэг олон үзүүлэлттэй гэнэ.

Мөн судасны мэс засал, элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс ажилд ашиглах зориулалт бүхий нэг тэрбум орчим төгрөгийн өртөгтэй мэс заслын зөөврийн рентген аппаратыг улсын нэгдүгээр төв эмнэлэгт өгсөн байна.

Цаашид эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх тал дээр Японы Засгийн газартай хамтарч ажиллана гэдгийг энэ үеэр  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцолсон юм.

Зураг: ЭМЯ