Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт үлэг гүрвэлийн чулуужсан яс зарна гэсэн мэдээллийн дагуу ажиллаж, 80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн хоёр олдворыг хоёр иргэн бусдад худалдан борлуулах гэж байсныг илрүүлэн шалгаж эхэлжээ. Уг олдворуудыг плантелог археологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна.

Түүхийн үнэт олдвор, үлэг гүрвэлийн яс зэргийг гар дээрээс хууль бусаар худалдаалсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм.

Мөн баяр ёслол дөхөж байгаатай холбоотой хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байгаа учир цагдаагийн газраас сар шинэ- 2019 нэгдсэн арга хэмжээг өчигдрөөс эхлүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, томоохон худалдааны төвүүд, замын хөдөлгөөн, орон нутгийн замын хяналтыг сайжруулж, хулгай дээрмийн хэргийг таслан зогсоох, сэргийлэх чиглэлээр ажиллах гэнэ.

Өглөөний 06:00 цагийн үед нийслэлээс Замын-Үүд чиглэлд явж байсан хот хоорондын зорчигч тээврийн том оврын автобус осолдсоны улмаас хоёр жолооч газар дээрээ нас барж, 31 хүн гэмтэж бэртсэн байна.

Цагаан сар дөхсөн энэ үед хөдөө гадаа явах хөдөлгөөн ихэсдэг тул ТЦА-аас орон нутгийн зам дагуу хурд хэмжигч, хөдөлгөөнт постууд, хяналтыг тавьж ажиллахаас гадна иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөний болоод техникийн аюулгүй байдлаа бүрэн хангаж, ачаа тээш, суудлын тоо, хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.

Түүнчлэн энэ сарын зургаанд 15 настай охиныг фэйсбүүкээр танилцсан залуу нь хүчирхийлсэн хэрэг гарчээ. Тус этгээд нь нэр зураг зэргээ хуурамчаар үүсгэн, охинтой чатаар харилцдаг байжээ.

Иймд эцэг эхчүүд насанд хүрээгүй бага насныхаа хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, хэнтэй хаагуур уулзаж байгааг мэдэх зэргээр эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.  

Зураг: Gogo