Мэргэжлийн хяналтын газраас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах зорилгоор хийсэн шалгалтын дүнг сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, эмч, ахлах тогооч нарт танилцууллаа. 

Шалгалтад 252 сургууль, 90 дотуур байр, 385 цэцэрлэг, долоон их, дээд сургууль, найман МСҮТ, 30 хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг ААН-үүд хамрагдсан байна. Шалгалтаар эрүүл ахуй, халдвар хамгаалал болон боловсролын хяналттай холбоотой хэд хэдэн зөрчил илэрчээ. Тодруулбал, 

Сургууль, цэцэрлэгийн 23 хувь нь тохижилт, цэвэрлэгээ хангалтгүй, 32 хувь нь ариун цэврийн тоног төхөөрөмж, биеийн тамирын заал, сургалтын тоног төхөөрөмж хүрэлцээгүй байжээ. Мөн 21.7 хувь нь хичээл эхлэхээс өмнө шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийг хийлгээгүй, найман хувь нь хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах бэлтгэлийг бүрэн хангаагүй байсан юм. 

Сургууль цэцэрлэгийн 6.5 хувь нь Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн бүрдүүлээгүй, 53 хувь нь зориулалтын бус цайны газартай, таван хувь нь цайны газаргүй байгаа нь хоол хүнснээс шалтгаалсан хордлого, халдвар гарах эрсдэлтэй байжээ. 

Үүнээс гадна 19 цэцэрлэг, 13 сургууль зориулалтын бус байртай, 28 цэцэрлэг орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг, 15 цэцэрлэг, гурван сургууль есдүгээр сарын нэгэнд хичээлээ эхэлж чадаагүй байна.

Цэцэрлэг, сургуулийн 63 багш мэргэжлийн бус, 19 номын санч, нийгмийн ажилтан, туслах багш мэргэжлийн сургалтад хамрагдаагүй байгаа юм. 

Ийнхүү нийт 1762 зөрчлийг илрүүлж, унд ахуйн уснаас 415, хүнсний 485, арчдас 178 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж, 71.8 хувийг газар дээр нь арилгуулж, таван ААН, есөн иргэнд шийтгэвэр ногдуулсан байна.