Сүүлийн үед сүмогийн ертөнц дэх Монгол бөхчүүдийн саар мэдээ чих дэлсэх болов. Их аварга харүмофүжи Д.Бямбадорж нутагт нэгт бөх Таканоива А.Баасандоржийн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогдон өөрийн хүсэлтээр сүмогийн ертөнцөөс зодог тайлсан юм.

Энэ хэрэгтэй холбогдуулан А.Баасандорж, Их аварга харүмофүжигаас эмчилгээний зардал, хохиролд их хэмжээний мөнгө нэхсэн тухай мэдээллүүд гарч гадна, дотны сүмо сонирхогчдын дунд дуулиан тарьсан юм.

Эл хэргийн дуулиан намжаагүй байхад өмнөх хэргийн хохирогч гэгдэж буй Таканоива А.Баасандорж дэвжээнийхээ сүмочийн биед гар хүрсэн хэргээр дахин хэрэгт холбогдлоо.

Японы хэвлэлүүдийн мэдээлж буйгаар түүнийг энэ сарын дөрөвний өдрийн 23 цагийн үед өвлийн тойргийн барилдааны үеэр 24 настай туслах бөхөө юм мартсан гэдэг шалтгаанаар 4-5 цохиж биед нь гэмтэл учруулсан байна.

Энэ талаар Сүмо бөхийн холбооноос албан ёсоор мэдээлэл хийж, туслах бөхдөө гар хүрсэн нь үнэн гэдгийг нотолсон юм. Мөн Таканоива А.Баасандорж, Чиганоүра оякатагийн хамт Токиод ирж, Сүмогийн холбоонд хэргийн талаар тайлбар хийж, уучлал гуйжээ.

Одоогоор холбооноос Таканоиваг тойргийн барилдаанаас чөлөөлж, дэвжээнээс гадагш гарахгүй байх шийтгэл оноосон бөгөөд хохирогчийн мэдүүлгийг сонссоны дараа ямар шийтгэл оноохоо шийдэх гэнэ.