Хар ялаа, аалзан хачиг, бөөс зэрэг нь цэцэгчдийн хамгийн том дайсан. Хортон шавжид идэгдсэн цэцгийн хэлбэр өөрчлөгдөж, хатаж хорчийн цоорсноор үхэх ч аюултай байдаг. Тэгвэл эдгээр хортон шавжийн нэг аалзан хачигнаас хэрхэн салах тухай багахан зөвлөгөө хүргэе.

Аалзан хачиг нь хуурай дулаан агаартай орчинд амархан үрждэг ба маш жижиг биетэй ургамлын шүүс сорж амьдардаг улаан, цайвардуу шаргал өнгөтэй, үет хөлтөн юм.

Биеийн хэмжээ нь нэг мм-ээс бага байдаг учир энгийн нүдээр харахад боломжгүй. Уг шавж нь цэцгийн навч, шилбэ хооронд аалзны шүлстэй адил цагаан өнгийн тор татдаг юм.

Ингэснээр навч өнгөө алдаж, саарал өнгөтэй болдог ба аалзан хачиг нь ихэнхдээ навчны доод талд байрлаж шүүсийг нь сорж, цэцгийн бундуу харлан дэлбээлж амжилгүй унадаг юм.

Мөн богино хугацаанд өнгөө алдаж, сулбайн үхдэг бөгөөд энэхүү шавжид кактус, мөлхөө ургамал, авокадо, банана зэрэг нь хамгийн ихээр өртдөг.

Иймд аалзан хачигаас сэргийлэхийн тулд агаарын чийгшлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэхдээ өглөө оройдоо нар тусаагүй үед навч руу нь усаар шүрших нь зүйтэй. Мөн хортон шавж устгадаг бодис буюу зориулалтын хороор гурав хоногийн давтавжтай нэг сарын хугацаанд шүршээрэй.

Хор цацсаны дараа цэцгээ гялгар уутаар битүүлэн боох шаардлагатай. Ингээд хортон шавж илэрсэн цэцгийг тусгаарлаж, навчны доод талыг ойр ойрхон шалгах хэрэгтэй.

Үүнээс гадна ургамлын навч, ишийг савангийн уусмалаар угаах нь үр дүнтэй байдаг. Тухайлбал, нэг литр усанд 40-50 гр барааны саван хийж уусмалыг бэлдэн 7-10 хоногт нэг удаа цэцгээ арчаарай.