Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гуравдагч хөрштэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод ЭСЯ-аа нээхээр болсон юм.

Арабын нэгдсэн Эмират улсад манай улсын 40 гаруй иргэн байнга оршин суудаг, бөгөөд энэ тоо сүүлийн жилүүдэд өсөх болжээ. Тиймээс иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг шуурхай хүргэж, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах, бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Абу Даби хотод ЭСЯ-аа нээхээр болсон байна.

Элчин сайдын яам нь эхний ээлжид гурван орон тоотой байхаар төлөвлөсөн ба орон байрны түрээс, унаа зэрэг тодорхой зардлууд гарах гэнэ. Иймд зардал мөнгөний асуудлыг цаашид төсөвт тусгах шаардлагатай болно гэж гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ярилаа.

Манай улс Арабын нэгдсэн Эмираттай 1996 онд дипломат харилцаа тогтоосон ба сүүлийн жилүүдэд улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа идэвхжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж өсөж байгаа юм.

Одоогоор хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулсан арваад гэрээ, хэлэлцээр хэрэгжиж байна. Тус улсын Абу Даби хотод дэлхийн 102 орны ЭСЯ үйл ажиллагаагаа явуулж байна.