Их хэмжээний агаарын бохирдол амны хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг Тайваний эрдэмтэд тогтоолоо.

Уг судалгаанд тус улсын агаарын чанар шалгах 66 станцын 2009 онд гаргасан мэдээллийг 40 болон түүнээс дээш насны 480 мянган хүний 2012-2013 оны хоорондох эрүүл мэндийн мэдээлэлтэй харьцуулжээ. Ингэхэд амны хорт хавдрын 11.617 тохиолдол илэрсэн байна.

Нэг хүний амьсгалах агаарын бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээ 26.74 микрограм метр куб байдаг. Гэтэл энэ хэмжээ 40.37 микрограм метр куб хүрсэн хүмүүсийн хорт хавдар тусах магадлал 43 хувьтай байжээ.

ДЭМБ агаарын бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээ 10 микрограм метр кубээс хэтэрч болохгүй гэж заасан байдаг. Гэвч энэ хэмжээ Афганистаны Кабул хотод 86, Бээжинд 85, Энэтхэгийн Дэлид 122 байдаг гэнэ.

Үүнээс гадна агаарын бохирдол хөх, уушги, улаан хоолой, нойр булчирхайн хорт хавдар үүсгэдэг байна.

Эх сурвалж: The Guardian , Science daily