Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч, гэр хорооллын айл өрх, уурын зуухнуудын галлагаа эхэлснээр утаа ихсэж байна. Утаанд агуулагдах хамгийн нарийн ширхэгтэй PM 2.5 тоосонцор нь амьсгалын замаар дамжин биед шингэж дархлаа, уураг тархи, зүрх судас гээд бүхий л эрхтэн тогтолцоог гэмтээдэг гэдгийг эрдэмтэд нотолсон.

Мөн утаанд агуулагдах хорт нэгдлүүд ихэст нэвтэрч эхийн хэвлийд бүрэлдэж буй ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэдгийг НҮБ-ын хүүхдийн сан анхааруулсан юм. Утааны улирал эхлэх үед дийлэнх хүнд толгой эргэх, дотор муухайрах, тайван бус болох, зүрх дэлсэх зэрэг эмгэгүүд илэрдэг байна. Тэгвэл агаарын бохирдлын үед хоол хүнсээ зөв тохируулан эрүүл мэндээ хэрхэн хамгаалах тухай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэе.

Хамгийн гол нь мах гурил, сүү цагаан идээ, жимс ногоог өдөр тутам хэрэглэх шаардлагатай гэнэ. Мөн антиоксидант үйлчилгээтэй буюу А, С, Е аминдэм, селен, омега-3 баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь зүйтэй. Тодруулбал,

Уургаар баялаг бүтээгдэхүүн

Үүнд голдуу амьтны гаралтай бүтээгдэхүүн орно. Хүний биед нэн шаардлагатай уураг, өөх тос, илчлэгийн хэрэгцээний дийлэнх хэсгийг бэлчээрийн малын мах, дотор маханд ихээр агуулагддаг тул өдөр тутам хэрэглэх нь үр дүнтэй гэнэ. Гэхдээ зохистой хэмжээг тааруулж идэх нь зүйтэй.

С аминдэмээр баялаг хүнс

С аминдэм нь хүний биед хорт бодис ороход дархлааны тогтолцоог хамгаалж, дархлааг дэмжиж, халдвараас сэргийлж, хордлогын үед хоргүйжүүлэх нөлөө үзүүлдэг байна. Иймд С аминдэмээр баялаг аньс, нэрс, чацаргана, үхрийн нүд, хад, жүрж, нохойн хошуу, усан үзэм, нимбэг зэргийг өдөр бүр хэрэглээрэй.

А аминдэмээр баялаг хүнс

Цагаан, шар лууван, бууцай, шанцай, цэцэгт байцаа зэрэг тод өнгөтэй ногоо, жимс, үхрийн өөх, малын сүү, цөцгийн тос, мөн байцааны төрлийн ногоонуудад А аминдэм ихээр агуулагддаг.

Энэ нь биеэс хорыг гадагшлуулах онцгой үүрэгтэйгээс гадна биеийн эсэргүүцэл сайжруулах, арьс салстыг хамгаалах, хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжиж, халдвараас сэргийлдэг байна.

Е аминдэмээр баялаг хүнс

Наранцэцгийн, оливын тос, бүхэл үрийн гурил, загас, загасны улаан дүрс, цөцгийн тос, сүү, самар, киви, аньс, төмс, манжин, тоор мөн амтат чинжүү, базалик, яншуй зэрэгт Е амин дэм багахан хэмжээгээр агуулагддаг. Е аминдэм нь хүний эсийн мембраныг гэмтэхээс хамгаалах, эд, эсийн нөхөн төлжилтийг сайжруулдаг тустай.   

Селенээр баялаг хүнс

Өндөг, сонгино, сармис, үр тарианы гурил, хивэг, малын мах, таван цул, бразил самар нь селенээр баялаг. Селен нь хорт хавдрын үүсгэгчийн эсрэг маш хүчтэй үйлчилгээтэй төдийгүй хорт хавдрын өсөлтийг зогсоож, эсийн бүрхүүлийг хамгаалдгаас гадна Е аминдэмийн исэлдэлтийн эсрэг үйлчилгээг дэмждэг байна. Мөн мөнгөн ус, хар тугалга, талли ба бусад хорт бодисуудаас бие махбодыг хамгаалдаг байна.

Омега-3 баялаг хүнс

Бэлчээрийн малын мах болон түүний дотор адууны мах, сүү, цагаан идээ, загас, оливын тос, ногоон навчит ургамалд Омега-3 ихээр агуулагддаг. Энэ нь бие махбодыг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалдаг гэнэ.

Сүү болон тараг

Сүү, тараг, цагаан идээ нь кальцийн агууламж өндөртэй, ясны сийрэгжилтээс сэргийлдгээс гадна агаарын бохирдлын үед хордлого тайлах, гадны хорт нөлөөнөөс хамгаалдаг учир өдөр бүр хэрэглэж хэвшээрэй.

Ногоон навчит ногоо хэрэглэх

Цэцэгт байцаа, бууцай, жууцай, шанцай, байцаа зэрэг ногоон өнгөтэй навчит ногоо нь хордлого тайлах, биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулахад чухал нөлөөтэй.