Азийн хөгжлийн банкнаас Хөвсгөл нуур, Онон-Балжийн цогцолбор газарт эко аялал жуулчлалыг хөгжүүлж, байгаль хамгааллын загвар болгох зорилгоор 38 сая долларын зээлийн санхүүжилтийг олгохоор боллоо.

Энэ нь тус банкнаас Дархан цаазтай газрын удирдлага, аялал жуулчлалын чиглэлээр Монголд олгож буй анхны зээл юм.

Уг санхүүжилтээр байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, нөлөөллийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайжруулж, үр шимийг нь орон нутгийн 11,000 иргэн хүртэнэ гэж албаныхан мэдэгдлээ.

АХБ-ны Зүүн Азийн газрын Байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Бизайн "Монгол гайхам сайхан байгаль, өвөрмөц өв соёлоороо аялал жуулчлалын салбараас орлого олж, нутгийн иргэд үр шимийг нь хүртэх бүрэн боломжтой" гэлээ.

Мөн тус банкнаас олгож буй уг зээл нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, эмзэг онгон байгалиа урт хугацааны туршид хамгаалахад тус дөхөм болно гэдгийг дурдсан юм.

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой уг төслөөр Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбор, тасалбар түгээх цэг зэрэг төвүүдийг байгуулан, дэд бүтцийг шинэчилж, хог хаягдлын байгууламж барих, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны менежментийг сайжруулах юм.

Түүнчлэн Монголын анхны аялал жуулчлалын концессын гарын авлага болон эко итгэмжлэлийн хөтөлбөрийг туршин хэрэгжүүлэх гэнэ.

Манай улс 2017 онд аялал жуулчлалын салбараас төсөвт 1.2 тэрбум долларын орлого төвлөрүүлж, 121,500 ажлын байрыг бий болгож, ДНБ-ий 11.4 хувийг бүрдүүлжээ.

Түүнчлэн манай улс 2020 оноос эхлэн нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан бөгөөд  2028 он гэхэд тус салбараас улсын төсөвт 2.1 тэрбум долларын оруулж, 149,000 ажлын байрыг бий болгож, ДНБ-ий 11 хувийг бүрдүүлнэ хэмээн таамаглаж байгаа юм.