Хотын дарга С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал Кшатрапати Шиважигаар ахлуулсан гишүүдтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэл хотод хэрэгжиж буй Улаанбаатарын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр буюу BRT төслийн талаар хэлэлцсэн байна. Ийнхүү BRT төслийг санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт заагдсан зорилго, чиглэлийнх нь дагуу хэрэгжүүлж, төслийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо.

Мөн нийслэлийн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлж байгаа ажлын явц, цаашид шинээр хэрэгжүүлэх төслүүдийн талаар ярилцсан байна.

BRT төсөлд нийт 274 сая доллар зарцуулах бөгөөд үүний 215 сая долларыг  Азийн хөгжлийн банкнаас, 57 саяыг төсвөөс, 1.5 сая долларыг дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламж хэрэгжүүлэх юм. Уг төсөл 2020 он гэхэд бүрэн хэрэгжих бөгөөд замын ачаалал 20-30 хувиар буурна гэж албаныхан үзжээ.

Гэвч төслийн санхүүжилт 2015 онд шийдэгдсэн ч төсөл хэрэгжихгүй хүү төлсөөр өнөөдрийг хүрсэн юм. Төслийн ТЭЗҮ 2008 онд гарч 2015 онд УИХ-аар батлагдсан ч метро барих асуудал давхацсанаас болж BRT хойшлогдоод байжээ.

BRT автобус нь төв замын голын хоёр эгнээгээр зорчих ба автобусны буудал нь замын голд байрлана. Төслийн хүрээнд 60 орчим автобусны буудал барих ба эхний ээлжид 15-ыг барихаар төлөвлөжээ.