УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаныхны Швейцарын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө. Энэхүү айлчлалын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын дарга айлчлалынхаа үеэр тус улсын хууль тогтоох байгууллагын тэргүүнтэй хэлэлцээ хийж, Швейцарын парламентын хуралдааны дэгийн туршлагатай танилцсан юм. Мөн айлчлалны эхний өдрөө Монгол-Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцжээ.

Тэрээр тус улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшеттитэй уулзаж, бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар хэлэлцэж, Швейцарын элчин сайдын яамыг Монголд нээх санал дэвшүүлсэн юм.

Зураг: УИХ

УИХ-ын дарга Г.Занданшатарт айлчлалынхаа сүүлчийн өдөр тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел, Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди нартай уулзсан юм.

Энэ үеэр Засгийн газраас баталсан Оффшор бүсийн жагсаалтад Швейцарыг оруулсан тухай асуудал хөндөгдсөн бөгөөд хоёр тал нэгдсэн ойлголтод хүрч чадсан байна. УИХ-аас авлигатай тэмцэх зорилгоор төрийн албан хаагчид болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх зэргийг хориглосон юм.

Энэ асуудлаар хоёр тал Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хоёр орны хооронд ойрын үед байгуулах, 20 гаруй жилийн өмнө байгуулсан Давхар татвар ногдуулахаас зайлсхийх хэлэлцээрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Зураг: УИХ