Бид тоймлоё, Та унш

2019.03.20 Лхагва                                                         -3°C   2,631.54  Эд мал арвидна

Чухлыг тоймлоё


С.Баярцогтын оффшор дансны гүйлгээг Швейцараас авчирлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар айлчлалынхаа хүрээнд Швейцарын Credit Suisse AG банкан дахь сангийн сайд асан С.Баярцогтын $, еврогийн нийт 5 дансны 2008-2013 он хүртэлх дэлгэрэнгүй хуулгыг авчирсан байна. Уг хуулгыг АТГ-т өгсөн ба Швейцарын тал шаардлагатай бүхий л мэдээллийг өгнө гэжээ.

Ямар учиртай данс вэ?

Швейцарын дээд шүүх С.Баярцогтыг авлига авч Рио Тинтотой ашиггүй гэрээ хийсэн байж болзошгүй гэж үзэн түүний $1.85 сая бүхий хэд хэдэн дансыг 2025 он хүртэл царцаасан юм. Учир нь уг мөнгө Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсны дараахан түүний дансаар орж гарсан гэдгийг Швейцарын дээд шүүх тогтоосон. Гэвч С.Баярцогт “Тэр мөнгө бүгдээрээ минийх биш. $200 мянга нь гэр бүлийн бизнесийн орлого, $800 мянга нь бизнесийн хамтрагч болон 3 найзынх маань” гэсэн байдаг.

С.Баярцогтыг хориогүй бил үү?

Уг нь тэгсэн. Түүнийг Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор 2 сар гаруй хугацаанд хорьсны эцэст батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан юм. Гэвч одоогоор хэрэг ямар шатанд яваа нь тодорхойгүй байна. Хэрэв Швейцарын банканд байгаа $1.85 саяыг С.Баярцогт авлигаар авсан нь тогтоогдвол тус улсын хөрөнгө болгон хураах юм. Ямартай ч Швейцараас ирсэн хуулгын ачаар авлига гэгдээд буй хөрөнгө хаанаас, хэрхэн орж ирсэн нь тодорхой болох нь ээ.


KFC-ын бусад салбарууд ч асуудалтай

Зайсангийн салбарт гарсан хоолны хордлоготой холбоотойгоор бусад 11 салбарт шалгалт хийхэд ундааны концентрацын хугацаа дууссан, ажилтнууд үзлэгт хамрагдаагүй зэрэг 64 зөрчил илэрчээ. Иймд 4 салбарт зөрчлийн хэрэг нээж, ₮4 саяар торгож, 7 салбарт албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн сэжиг бүхий 31.1 кг амталсан болон амтлаагүй тахианы мах, бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнийг устгасан байна. Харин хордлого гарсан Зайсангийн KFC-ыг хааж, ₮14 саяар торгож, ₮8.5 саяын хууль бус орлогыг хурааж, хордлого авсан иргэдэд ₮49 саяын нөхөн төлбөр олгожээ.


УБ-ын дэвжээнд Азийн шилдгүүд зодоглоно

Монголд анх удаа бөхийн төрлийн 23 хүртэлх насны ААШТ зохиогдох гэж байна. Тэмцээн 3/21-24-нд Буянт-Ухаа цогцолборт болох ба Иран, Хятад, Казахстан, Узбекистан зэрэг 12 орны 200 орчим бөхчүүд зодоглоно. Харин манай улсаас 30 гаруй тамирчин оролцох юм. Тэмцээн сонгомол бөх, чөлөөт бөх-эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр явагдаж, жин тус бүрийн шилдгүүдээ тодруулна.


Нидерландын трамвайд халдлага гарлаа

Утречт хотод гарсан уг халдлагын улмаас 3 хүн амиа алдаж 5 хүн гэмтсэн байна. Цагдаа нар уг хэрэгт 37 настай Туркийн иргэнийг өөр 2 этгээдийн хамт баривчилсан ба одоогоор халдлагын шалтгаан тодорхойгүй байна. Харин албаныхан үүнийг террорист үйл ажиллагааны нэг хэсэг гэж таамаглаж байгаа юм. Халдлагын дараахан Роттердам хотод лалын сүм, нийтийн тээврийн буудлуудын хамгаалалтыг сайжруулаад байна.


Шар хантаазтаны жагсаал үймээн самуун үүсгэжээ

Францын шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсаал илүү өргөн хүрээг хамарч 5 дахь сардаа үргэлжилж байна. Жагсагчид 3/17-нд 18 дахь удаагаа жагссан ба 160 мянган хүн үймээн самуун гаргажээ. Улмаар цагдаа нар жагсагчдын эсрэг даралттай ус, нулимс асгаруулагч ашигласан ба 60 хүн гэмтсэн байна. Уг үймээн самуунд ЗГ-ын зүгээс хэт даврагчдын бүлгүүдийг буруутгаж цаашид зарим түүхийн дурсгалт газруудад жагсаал хийхийг хориглох гэв.

Таны сонорт


Төв болон зүүн аймгийн өмнөд хэсэг, говийн аймгийн ихэнх нутгаар өнөөдөр нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр