Засгийн газрын хэрэг эрхлэх газраас төрийн алба болон албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйг нэмэгдүүлэх үүднээс хяналт шалгалт хийж байгаа юм. Мөн энэ чиглэлд гаргасан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж холбогдох байгууллагын удирдлагуудад шат дараалсан үүрэг, чиглэл өгч байна.

Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн аймгуудын ЗДТГ-ын дарга нартай нэгдсэн уулзалт хийж, ирэх долоо хоногоос Засгийн газраас гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан эсэхэд шалгалт явуулахаар болжээ.

Тодруулбал, хүний нөөцийн дүүргэлт, албан хаагчдын ёс зүйн байдал, төрийн өмчийн  барилга байгууламж, ажлын өрөөний дотоод дэг журам, ажилчдын цаг ашиглалтад нарийвчилсан шалгалт явуулах гэнэ.

Сануулахад, ЗТХЯ-ны нэр бүхий удирдлагууд ажлын байрандаа согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гараад удаагүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас тогтоол гаргаж, төрийн албаны хариуцлага ёс зүйг өндөржүүлж, ажлын байранд архидан согтуурахгүй байхыг хатуу анхааруулаад байна.

Мөн Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа юм.