Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, бөхчүүдэд цол, чимэг олгуулах тухай Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцсэн байна.

Өнгөрсөн жилийн тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож давааг нь хүчингүй болгосон тул Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгуулах саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо.

Тэрээр өнгөрсөн жилийн наадамд тавын даваанд улсын гарьд Н.Ганбаатартай учраа тааран барилдаж өвдөг шороодсон юм. Мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос улсын начин Ч.Хөхчирэнгэрт Өсөх идэр чимэг олгохоор шийдвэрлэлээ.

Аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат бөгөөд аймгийнхаа баяр наадамд 1989, 1994 онд түрүүлэн аймгийн хурц арслан цол хүртжээ.